Коронавируст халдварын 7 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-12-03 11:02:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа улсын хэмжээнд өчигдөр хийсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.


ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн салбар лабораторид PCR шинжилгээг нийт 16 599 хүнд хийснээс  7 хүнд коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод нэг тохиолдол бүртгэгдсэн нь өвчтэй хүнтэй ойр харилцсан, ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаад байсан хүний гурав дахь шинжилгээний хариу юм. Сэлэнгэ аймагт зургаан тохиолдол бүртгэгдсэнээс нэг гэр бүлийн таван хүн болон ажиглан тусгаарлах байранд байсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрчээ.


Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай, Дорноговь аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй байна. 

 

Улсын хэмжээнд "COVID-19" халдварын тохиолдол 819 болсон бөгөөд сүүлийн 24 цагт ХӨСҮТ-ээс 7 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжжээ. Одоогоор ажиглалтад 42, гэрийн ажиглалтад 1 хүн байгаа бол 322 хүний ажиглалт тандалтын хугацаа дуусжээ.


 ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт  445 хүн эмчлүүлж байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн дунд маш хүнд 3, хүнд 5, хүндэвтэр 77, хөнгөн 360 хүн байгаа аж.

Дотоодод голомтлон гарч буй халдварын тоо 2020.12.3-ны байдлаар 376 болжээ.

Сэлэнгэд 189

Улаанбаатарт 91

Дархан-Уулд 44

Орхонд 24

Дорноговьд 21

Говьсүмбэрт 4

Архангайд 3 батлагдсан тохиолдол байна. 

Холбоотой мэдээ