Хичээлээс гадуурх сургалтын хөтөлбөрийг боловсруулжээ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-12-03 15:03:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУЯ Хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөр”-ийн төслийн дөрөв дэх хэлэлцүүлгийг өчигдөр цахимаар зохион байгууллаа.

 

Тус яам ерөнхий боловсролын сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсруулжээ.

 

Төслийг боловсруулах явцад асуулгын, фокус группийн ярилцлагын аргаар ЕБС-ийн бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинд суралцаж буй сурагчид болон тус ажлыг удирдан зохион байгуулж буй багш нар, нийгмийн ажилтан, сургуулийн удирдах ажилтнуудаас судалгаа авчээ.

 

Мөн хичээлээс гадуурх сургалтын ажлын төлөвлөгөөнд баримт бичгийн шинжилгээг хийж, судалгааны үр дүнд үндэслэл болгосон байна. Түүнчлэн ЕБС-ийн удирдах болон нийгмийн ажилтан, багш нар, төр, төрийн бус, олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан 3 удаагийн хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтийг тусгажээ.

 

Сурагч өөртөө итгэлтэй, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй, нийгмийн олон талт харилцаанд зохицон, бусдыг манлайлж, хамт олны хөгжилд хувь нэмрээ оруулах, шийдвэр гаргах чадвартай, бүтээлч, санаачилгатай, эх оронч үзэлтэй хувь хүн болон хөгжихөд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх аж.


Холбоотой мэдээ