Сонгуулийн хуулийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой заалтыг засна

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-03 15:41:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Үндсэн хуулийн 2020 оны 09 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан УИХ болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ.


Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тодруулбал, “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс... эхлэн зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ.” гэж заасан нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын “... Төрийн байгууллагад ... сонгогдох эрхтэй. ...” гэснийг тус тус зөрчсөн байна гэдэг дүгнэжээ. 


УИХ болон Орон нутгийн сонгуульд нэр дэвшигч нь 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагтаа байнга оршин суугчаар бүртгүүлсэн байх ёстой. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 1-ний өдрөөс шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа юм. Тиймээс уг заалтын хийдлийг зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Тодруулбал, шилжилт хөдөлгөөнийг ээлжит сонгуулийн жилийн хоёрдугаар сарын 15-ны өдрөөс болгон өөрчлилж, мөн өдрөөс хуулийн шаардлага хангасан нэр дэвшигч нь тухайн орон нутагтаа оршин суугчаар бүртгүүлсэн байхаар нэмж залруулжээ. 


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар эл хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргажээ. 


Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Ганбаатар асуулт асууж хариулт авснаар санал хураав. Хуралдаанд оролцсон 60 гишүүний 37 нь буюу 61.4 хувь нь төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ. Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Холбоотой мэдээ