Аймгийн хэмжээнд 4470 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-12-03 16:54:32

Увс /МОНЦАМЭ/. Өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо энэ онд 4470 байгаа нь суурин хүн амын 5.4 хувийг эзэлж байгаа аж. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүний 6.8 хувь нь 10-19 нас буюу өсвөр үеийнхэн, 12.5 хувь нь 20-29 насныхан, 17 хувь нь 30-39 насныхан, 24.2 хувь нь 40-49 насныхан, 27 хувь нь 50-59 насныхан, үлдсэн нь 60-аас дээш насныхан аж. Үүнээс 35-54 насныхан 2192 хүн байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй нийт хүний 49 хувийг эзэлж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй нийт хүний 2457 нь эрэгтэй, 2013 нь эмэгтэйчүүд аж. Эдгээр хүмүүсийн 39.1 хувь нь аймгийн төвд, 60.9 хувь нь хөдөө суманд амьдарч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй эрэгтэйчүүдийн 39.1 хувь нь төрөлхийн, 60.9 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн 41.9 хувь нь төрөлхийн, 58.1 хувь нь олдмол хөгжлийн бэрхшээлтэй иргэд аж.


Холбоотой мэдээ