Намибийн Засгийн газар зэрлэг заануудаа худалдаанд тавьжээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-12-03 17:06:37

ПРЕТОРИ. /TASS/. Намиби улсын Засгийн газар улс оронд нь ган гачиг нүүрлэсний улмаас болон дархан цаазат газруудынхаа ан амьтдын тоо толгойг бууруулах зорилгоор 170 зэрлэг зааныг худалдаанд тавьжээ.


Зэрлэг заануудыг дотоодын төдийгүй гадаадын худалдан авагчдад дуудлагаар худалдана гэж Намиби улсын Байгаль орчин, ой, аялал жуулчлалын яам мэдэгдсэн байна. Дуудлага худалдаанд оролцогч бүр заануудыг тохирсон нөхцөлд нь байлгах, мөн үүнд шаардлагатай хөрөнгө мөнгө байгаа эсэх талаараа баримтаар баталгаа гаргаж өгөх ёстой. Гадаадын худалдан авагчдаас зааныг тухайн улс руу зөөвөрлөхийг зөвшөөрсөн гаалийн баримт бичиг шаардах аж.


Сүүлийн жилүүдэд Намиби улс зааныг хамгаалах, хулгайн антай тэмцэх арга хэмжээ авсны дараа заануудын тоо огцом өссөнөөс үүдсэн асуудалтай тулгараад байгаа юм. Намибид 1995 онд 7500 байсан зэрлэг ан амьтдын тоо толгой 2019 онд 24 мянга болж нэмэгджээ. Зэрлэг ан амьтдын тоо толгой ийнхүү өссөн нь заан нутаглах байгалийн нөөц хомсдоход хүргэсэн байна. Үүнээс гадна ган ганчиг нүүрлэсний улмаас дархан цаазат газруудын нуур, гол горхи ширгэж, амьтад олноороо үхэж болзошгүй байгаа нь эрх баригчдын санааг зовоож байгаа юм.


Дархан цаазат газрууд, цэцэрлэгт хүрээлэнгийн заанууд нь хоол хүнс, усны хомсдолд ороод байгаа Африкийн өмнөд хэсгийн цорын ганц улс нь Намиби биш юм. Жишээлбэл, Ботсвана улс эдгээр амьтдыг Ангол руу шилжүүлэн нутагшуулах хөтөлбөр хэрэгжүүлж байна. Африкийн зэрлэг зааны нийт тоо толгой 350 мянгад хүрчээ.


Холбоотой мэдээ