Өнгөрсөн сарын 29, 30-нд шинжилгээ өгсөн иргэд хот хооронд зорчих боломжтой

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-03 20:48:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орон нутаг руу буцахаар 11 дүгээр сарын 29,30-нд коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд “сөрөг” гарсан тул нийслэлийн товчоодоор гарах эрхтэй болсныг ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээллээ.


Тэрбээр ЭМЯ-ны цахим хуудсаар өнөөдөр 20.45 цагт шуурхай мэдээлэл хийж, “11 дүгээр сарын 29,30, 12 дугаар сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүрэн гарч дууслаа. 48 цагийн дотор шинжилгээний хариу хүчинтэй байгаа. Өнөөдөр нийслэлээс гарах цагдаагийн постуудад ажиллаж байгаа иргэдэд мэдээлэл нь очсон тул иргэд иргэний үнэмлэхийн QR кодыг уншуулаад орон нутаг руу зорчих боломжтой болсон" -ыг мэдэгдэв.


Учир нь өнөөдөр иргэний үнэмлэхний QR код уншуулахад Цагдаагийн пост дээр хүндрэл  үүссэн тул шууд гаргах талаар ЭМЯ-наас Цагдаагийн Ерөнхий газрын даргад албан тоот хүргүүлжээ.


Иймд шинжилгээний хариу "сөрөг" гарлаа гэсэн мэдээллийг гар утсаараа авсан иргэд орон нутагт зорчих эрхтэй. Бүх хариу “сөрөг” гарсан учир Улаанбаатар хотоос 48-72 цагийн дотор орон нутагт нь шууд зорчуулъя гэж шийдсэнийг тэрбээр дуулгав.


Хэрэв бүртгүүлээгүй, шинжилгээ өгөөгүй, гар утсаараа мэдэгдлээ аваагүй бол зорчих боломжгүй. Арван хоёр хүртэлх насны хүүхэд эцэг эхтэйгээ хамт явж байгаа тохиолдолд шинжилгээ өгөхгүй зорчих боломжтой. Харин асран хамгаалагчгүй, 0-12  насны хүүхдийг хүнд дайх тохиолдолд шинжилгээ хийлгэсэн байхыг шаардах юм байна.  


Иргэд шинжилгээний хариуг гар утсаараа авсны дараа зорчих билетээ авах бөгөөд иргэний үнэмлэхээ заавал биедээ авч зорчих юм.  

Холбоотой мэдээ