Байнгын асаргаа шаардлагатай иргэдийн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийг хүсэв

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-04 13:10:59

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй зарим иргэнд дэмжлэг үзүүллээ.  

Ховд аймгийн хэмжээнд 3100 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 400 гаруй хүүхэд байна гэх судалгаа бий. 

Тэгвэл Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхдийг дэмжих, тэдний хөгжлийн оролцоог сайжруулахад чиглэсэн ажлыг үе шаттай зохион байгуулж иржээ.  

Тухайлбал, жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Энэхүү өдрийг тохиолдуулан Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас орон нутгийнхаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлыг судлах, тэдний санал хүсэлтийг сонсох, байнгын асаргаа шаардлагатай  иргэний нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, дэмжлэг үзүүлэх зорилгоор Жаргалант сумын 15 өрхөөр зочиллоо. 

Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй 10 хүүхэд, 5 иргэн нийт 15 хүнд асаргааны багц, хүнс болон тоглоомын багцыг тус тус олгож, дэмжлэг үзүүлсэн юм.

Зарим иргэдийн зүгээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа байнгын асаргаа шаардлагатай иргэдийн гэр бүлийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аливаа төсөл хөтөлбөрт хамруулах боломжийг өргөжүүлэхэд мэргэжлийн байгууллагууд анхаарч ажиллах талаар санал хэлж байв.  

 

Холбоотой мэдээ