А.Амбасэлмаа: Шинжилгээгээр бүгд “сөрөг” гарлаа гээд голомтыг цомхотгодоггүй

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-04 12:33:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн үйлчлэгч, автобусны жолоочоос коронавирус илэрсэнтэй холбоотой ойрын болон дам харилцагчдыг шинжилгээнд хамруулж байна.


Тэд халдвар тээгчийн дам харилцагч болж, гэрийн тусгаарлалтад байсныг  ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Хуралд мөн ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл оролцож сэтгүүлчийн асуултад хариулсан юм.


-ШЕЗ-ийн үйлчлэгч, автобусны жолоочоос коронавирус илэрлээ. Тусгаарлалтад ороогүй байсан гэж ойлгосон. Нийслэлд ойр харилцагчдыг нь олж чадахгүй байна уу. Батлагдсан тохиолдлын маршрутын талаар мэдээлнэ үү?


А.Амбасэлмаа: ШЕЗ-ийн үйлчлэгчийг хоёрдогч тохиолдлын харилцагчаар тусгаарласан байсан. Харилцагчдыг хөөж судалж олоод шинжилгээ хийж байгаа. ШЕЗ-ийн ажилтнуудаас коронавирус илрээгүй. Хоёр дахь харилцагчдыг гэрийн ажиглалтад, ойрын 10 гаруй хүнийг нь тусгаарласан. “Автобус 1” баазын жолоочийг 28-аас хойш гэрээр тусгаарласан. 11 дүгээр сарын 29, 30-нд хойш ажилдаа очоогүй. Батлагдсан тохиолдлын ойрын харилцагч гэдэг нь вирус батлагдахаас өмнө 24-48 цаг, батлагдсанаас хойш 14 хоногийн дотор хамт байсан хүнийг хэлдэг. Автобусны жолоочтой 3-5 хоногт ойр байсан хүмүүсийг зааврын дагуу арга хэмжээ авсан. Өдөр бүр 12-16 мянган хүнийг шинжилж байна. Эндээс ямар ч хамааралгүй хүн гарч ирвэл ард иргэдийн дунд эрсдэлтэй гэсэн үг. Халдвар алдаж, голомтын цар хүрээг барьж чадахгүй мэдээллээр иргэдийг үймүүлэхгүй байхыг хүсье. Төрийн байгууллага боломжийн хэрээр голомтын хариу арга хэмжээ авч, алдахгүйн төлөө хөл хориог сунгасан. Агаар дуслын халдвар учир хэн ч өвчилж болно. Эхний голомтуудаа хяналтдаа авсан. Цааш үргэлжлүүлэн танадаж байна. Агаар дусал, вирусний гаралтай халдварын тархалт 2-3 сар үргэлжилдэг. Ард иргэд зөв ойлголттой байж, иргэн бүр өөрсдийгөө хамгаалж гадуур явахгүй байхад анхаарах хэрэгтэй.


-Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны хэдэн гудамж тусгаарласан, нөхцөл байдал ямар байгаа вэ?

А.Амбасэлмаа: Тус дүүргийн Арцатын 3-ын 11 тоотоос гэр бүл найз нөхдийн хүрээлэлд голомт үүссэн. Эндээс салбарлан төрсөн өдрийн баярт очсон, ажлын газрынх гээд хориод тохиолдол гарсан тул хөл хорио тогтоосон. Иргэдэд өвчилсөн хүний гудамж, хороолол хэлэхгүй. Өвчтөнүүд гомдол мэдүүлдэг. Халдвар гарсан гээд хүнийг амьдарч байгаа байрнаас нь хөөж, цонх руу нь чулуу шидэж байна. Хэн ч халдвар авна. Сэтгүүлчид халдвар авсан хүний гудамж, хаяг шаардахгүй байхыг хүсье. Өвдсөн хүмүүсийг хамгаалах нь эмч хүний үүрэг юм.


Д.Нарангэрэл: Тухайн хүнийг ялгараварлан гадуурхах ёсгүй. Энэ хүнд цаг үед дэлхий дахинд албан байгууллага хүртэл ажилтнаа өвдсөн тохиолдолд ажлыг нь хэн хийх зэргээр ажлаа зохицуулж байна. Ялгаварлан гадуурхаж болохгүй. Хамтын хүчээр эв нэгдэлтэй байж цар тахлын ард гарна. Хэн өвдөх нь онцын ач холбогдолтой биш.


-Халдвар авсан хүнээс дунджаар 5-7 хоногт вирус илэрч байгааг дэлхий нийт зарлаж байгаа. Манайд 19-21 хоногт илэрч байгаа нь шинжилгээ авахад алдаа гараад байна уу, эсвэл эрүүл хүнийг тусгаарлаад 21 хоногтоо халдвар аваад байна уу?

А.Амбасэлмаа: Дэлхий дахинаа халдварын нууц үеийг 14 хоног гэж байгаа. Халдварын дундаж нууц үеийн хугацаа 5-7 хоног, цаад хугацаа 14. Голомттой бүс нутгаас ирсэн ард иргэдийг 21 хоног тусгаарласан. Энд хөнгөн балархай өвдөөд эдгэсэн, халдвар аваад энд ирсний дараахан онош батлагдаж байв. Бид 80 гаруй хувийг нь орж ирмэгц, 10 гаруй хувийг 14 хоногт, 2,8 хувийг 15-с дээш хоногт оношилсон. 21 хоногийн арга хэмжээ сайн байсан учир 10 сар дотоодод алдаагүй. Иймд вирус 5-7 хоногт илрэх ёстой гэсэн үг биш. Судалгаагаар 3-14 хоногт вирус илэрч байгаа. ДЭМБ-ын удирдамж жишгээр явж байна.


-Халдвар тээгч, өвчтөн гэдэг 2 ялгаа дэлхий нийтэд байна уу? Хөнгөн халдвар тээгчийг өвчтөн гэж үзээд ялгаварлан гадуурхаж байгааг тайлбарлаж өгөөч?


Д.Нарангэрэл: Халдвар аваад тухайн хүн өвдөхгүй тохиолдол байна. Шинж тэмдэг нь 2-3 хоногийн дараа илрэх зэргээр тодорхой үе шаттай хугацаа байдаг. Халдварт өвчин эдгэсний дараа тухайн хүн вирус ялгаруулах тохиолдол бий. Энэ нь халдварт өвчний зүй тогтол юм. Шинэ вирус учир баттай тогтоосон судалгаа алга байна.


-Сэлэнгэ аймгийн Мандал сум 14 хоногийн өмнө эрүүл бүс болсныг Засаг дарга нь хэлсэн. Гэтэл тухайн бүс нутгаас халдварын голомт гээд хүмүүсийг гаргахгүй атлаа Улаанбаатар, Дарханаас иргэдийг гаргаж байгааг тайлбарлана уу?

Д.Нарангэрэл: Вирусний нууц үе 14, хяналтын 14 гээд дахин өвчлөл гараагүй бол голомтыг цомхотгосон гэж үздэг зарчмаар явж байна. PCR шинжилгээ нэг удаа хийлгээд халдваргүй гэж бодох нь буруу. Давтан шинжилгээгээр илэрч байгаа. Нууц үе, шинж тэмдэг илэрсэн, өвчилсөн, эдгэрэлтийн зэрэг гинжин урвалын хэлхээгээр явдаг.


А.Амбасэлмээ: Ойрын харилцагчийг дахин давтан шинжилнэ. Халдвартай хүний харилцагчаас дараагийн харилцагч гарах гээд хяналт тавих хугацаа бий. Долоо хоног өвчин гарахгүй бол голомтыг цомхотгосон гэж ойлгож болохгүй.


-ХӨСҮТ-ын хэдэн эмч халдвар авсан бэ?

А.Амбасэлмаа: ХӨСҮТ-ын 13 хүн өвчилснийг эмчилж байгаа.


-Албан бус мэдээллээр “Автобус-1” баазын 5 хүнээс вирус илэрсэн гэж байгаа?

А.Амбасэлмаа: Нэг жолоочоос вирус илэрсэн нь батлагдлаа. Ойр байж харилцсан хүмүүсийн шинжилгээ үргэлжилж байна.


-Улаанбаатарт өрх бүрийн нэг иргэнээс шинжилгээ авах болсон. Хэр найдвартай вэ, эрсдэлийг хэр тооцоолж байна?

Д.Нарангэрэл: НЭМГ, НОК-оос Улаанбаатарт “Нэг өрх-нэг иргэн” шинжилгээ зохион байгуулна. Хаана шинжилгээ авах нь вэбсайтад байгаа. Дэлхийд энэ аргыг хэрэглэдэг. Шинжилгээгээр бүгд “сөрөг” гарлаа гээд голомт цомхотгосон гэсэн үг биш.



Холбоотой мэдээ