Хэвлэл борлуулагч О.Төмөрсанаад гутал, хувцас бэлэглэжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2020-12-05 12:54:33

Увс /МОНЦАМЭ/. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр буюу энэ сарын 3-ны өдөр “Увс аймгийн охид, бүсгүйчүүд” цахим группийн зүгээс гишүүн бүсгүйчүүдийнхээ дунд хандивын аян санаачлан өрнүүлж, цугласан мөнгөөрөө хэвлэл борлуулагч, өндөр настан О.Төмөрсанаад дулаан гутал, хувцас болон хэрэгцээт зүйлсийг нь авч өгсөн байна. Сайхан сэтгэлтэй бүсгүйчүүдэд О.Төмөрсанаа гуай маш их баярлаж талархаж буйгаа илэрхийлж, цаашдынх нь ажил үйлсэд улам их амжилт хүсчээ.    

О.Төмөрсанаа нь төрөлхийн хэлгүй, дүлий бөгөөд эхнэр, хүүхэдгүй, ганц бие амьдардаг юм. Гэвч тэрбээр 1992 оноос эхлэн сонин хэвлэл борлуулан, Увсын ард түмнийг мэдээ мэдээллээр хангаж, соён гэгээрүүлсээр байгаа хөдөлмөрч хүн. Түүний хувьд цас бороо, шороон шуургыг үл ажран жилийн дөрвөн улирлын турш аймгийн төвийн хамгийн олон хүн цугласан газруудад алхан очиж сониноо зарж борлуулдаг юм. Өдөртөө бараг 12 км газар алхдаг байна.

Тэрбээр ганцаараа гэрт амьдардаг байсныг энэ сараас эхлэн аймгийн Баруун бүсийн асрамжийн газар асрамждаа авсан байна. 

Холбоотой мэдээ