Гамшгаас хамгаалах зардалд нэг тэрбум төгрөг төсөвлөлөө

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2020-12-04 16:35:04

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ковид-19” халдварт цар тахлаас үүдэлтэй эдийн засаг,  нийгмийн хүндрэлийг даван туулах бодлого” хэмээх нэг бүлгийг нэмсэн байна.

Халдварт цар тахлын үед нийгмийн хамгааллын арга хэмжээг шуурхай авах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилт бүхий 30 орчим заалтыг тус бүлэгт тусгажээ. Ирэх онд гамшгаас хамгаалах зардалд нэг тэрбум орчим төгрөгийг төсөвлөсөн бөгөөд халдварт цар тахлаас гадна бүх төрлийн гамшгаас хамгаалах арга хэмжээнд тус хөрөнгийг зарцуулах юм.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 20-иод хоногийн хугацаанд алба хаагчдын хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэх бодис зэрэгт аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 150 сая төгрөгийг зарцуулаад байна. “Нэг халдварын тохиолдол бүртгэгдэхэд 7.5-8 сая төгрөгийн зардал гарч байна. Тухайн хүнд эмнэлгийн хоёр ажилтан тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Ороод гарах бүртээ хамгаалах хувцас, хэрэгслээ устгалд оруулдаг. Халдвар авсан хүнд өдөрт 6 удаа үйлчилгээ үзүүлэхдээ 300 мянган төгрөгийн хувцас, хамгаалах хэрэгслийг устгалд оруулж байна. Энэ их зардал, чирэгдэл, хохирлоос хамгаалах ганц арга бол хөл хорионы хязгаарлалт” хэмээн ИТХ-ын үеэр аймгийн Засаг дарга хэлж байв.

 

Холбоотой мэдээ