Д.Трамп Сомалиас цэргүүдээ татахыг үүрэг болгожээ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-12-05 10:08:19

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сомалиас ирэх нэгдүгээр сарын 15 гэхэд Америкийн цэргүүдийн дийлэнхийг татахыг үүрэг болголоо гэж АНУ-ын Батлан хамгаалахын яам мэдээлэв.


АНУ Сомалийн хүчнийхэнд “Аль-Шабааб”, “Лалын улс” бүлэглэлийн босогчидтой тэмцэхэд туслах зорилгоор 700 орчим цэргийг тус улсад байршуулж байгаа юм. АНУ-ын төлөөлөгчдийн мэдээлснээр, цэргүүдийн заримыг хөрш орнууд руу шилжүүлэх ажээ.


Д.Трамп сүүлийн саруудад Ирак, Афганистан дахь цэргүүдийн тоог бууруулах ижил зарлигийг гаргасан юм. Тэрбээр Америкийн цэргүүдийг эх орондоо эргэн ирэхийг уриалсаар ирсэн бөгөөд АНУ-ын цэргийн оролцоог зардал ихтэй, үр дүнгүй хэмээн шүүмжилдэг юм.


АНУ-ын Ерөнхийлөгчийн энэхүү шийдвэр өнгөрсөн сард албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Батлан хамгаалахын сайд Марк Эсперийн бодлоготой зөрчилдөж байгаа бөгөөд түүний хувьд Сомалид цэргүүдээ байршуулсан хэвээр байхыг дэмжиж байжээ. 

Холбоотой мэдээ