Д.Нарангэрэл: Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж хангалттай байгаа

Монголын мэдээ | Эрүүл мэнд
ariunbold@montsame.mn
2020-12-05 11:34:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын  хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа нар хариулсан юм.


-Коронавирусний халдвартай хүмүүсийн эмчилгээний орыг нэмсэн үү?


Д.Нарангэрэл: ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт өвчтөнүүдийг эмчлэх ор хүрэлцээтэй байгаа. Мөн Яармагт 300 ортой эмнэлэг бий. Аймаг, орон нутагт өвчтөнүүдийг эмчилж байгаа. Тухайлбал, Дархан-Сэлэнгэ аймаг байна. Тэгэхээр улсын хэмжээнд эмчилгээний болон эрчимт эмчилгээний ор, тоног төхөөрөмж хангалттай байгаа.


-Вирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүсийг хэрхэн хянаж байна вэ?


А.Амбасэлмаа: Хүмүүсээ ХӨСҮТ-д вирус илрэхгүй болтол нь байлгана. Үүний дараа сувиллын 14 хоногийн ажиглалтад шилжүүлэх бөгөөд энэ хугацаанд 2 удаа шинжилгээ авна. Тэгээд гэрийн ажиглалтад 14 хоног байлгах бөгөөд энэ үед нь түргэн оношлуураар шинжилгээ авч байгаа. Өвдөөд эдгэрсэн хүний гэрийн хаалганд хаяг шошго наахгүй.


-Коронавирусний халдвар илэрсэн автобусны жолооч ажлаа хийж байсан уу?


А.Амбасэлмаа: Энэ жолооч өнгөрсөн сарын 29-нөөс хойш ажилдаа очоогүй байсан. Гэхдээ бид түүний ойрын хүмүүс болон нэг унаагаар ажилдаа явдаг, орой хүргүүлдэг 17 хүнийг тусгаарласан. Мөн тухайн автобус баазын 500 гаруй хүнийг түргэн болон PCR шинжилгээнд хамруулсан. Халдвар тараасан байх эрсдэлийг тооцохдоо вирус илрэхээс өмнөх 24-48 цаг, илэрснээс хойших 14 хоногийн хугацаанд тухайн хүнтэй ойр байсан хүнийг ойрын хавьтал гэж үзэж, тусгаарладаг журамтай. Бид энэ хугацааг халдвар илрэхээс өмнөх хугацааг 5 хоногоор, илэрсний дараах хугацааг 7 хоног сунгасан. НЭМГ-ын 70 мянган өрхийн дунд хийх болон орон нутаг руу явах хүмүүсээс авах шинжилгээ бол том тандалт, илрүүлэг юм. Сүүлийн 3 өдөрт 30-40 мянган хүнд шинжилгээ хийсэн бөгөөд вирус илрээгүй байна.


-Шинжилгээнд хамрагдаагүй иргэдийг нийслэлээс гаргасан тухай мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгнө үү?


Л.Зэндмаа: Нийслэлээс шинжилгээ өгөөгүй иргэдийг гаргасан тохиолдол байхгүй. Улаанбаатараас гарах гэж байгаа иргэд 48 цагийн дотор шинжилгээ өгөх ёстой гэж ярьж байсан. Гэхдээ цахимд бүртгэлд саатал гарсны улмаас иргэд шинжилгээний хариугаа хугацаанд нь авч чадаагүй асуудал гарсан. Тиймээс цахим бүртгэлийн саатлаас үүдсэн тул шинжилгээ өгсөн хүмүүсийг саадгүй гаргасан юм.

Холбоотой мэдээ