Баянгол дүүргийн 6870 иргэн коронавирусний шинжилгээнд хамрагдаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2020-12-05 17:31:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өрх тус бүрээс нэг иргэнийг “COVID-19” халдварыг тандах, илрүүлэх шинжилгээнд хамруулах зорилготой “Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд өнөөдөр (2020.12.5) 16:00 цагийн байдлаар Баянгол дүүргийн 3046 иргэн хамрагдав.

Тус дүүргийн 20 мянган өрхөөс шинжилгээ авах бөгөөд өчигдөр 3824, нийт 6870 иргэнийг хамруулжээ.

Шинжилгээг Баянгол дүүрэгт 13-р сургууль, 46-р сургууль, 47-р сургууль, 114-р цэцэрлэг, “Тээврийн дээд сургууль”-ийн баруун тал, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг таван байршилд авч байна. Харин сайн дурын PCR шинжилгээнд өчигдөр 480, өнөөдөр 136 иргэн хамрагджээ. Уг шинжилгээг “ЭМҮЖИН” төв, “20-р сургууль” дээр авч байгаа юм.


“Нэг өрх-Нэг иргэн” шинжилгээнд иргэдийг идэвхтэй хамруулах зорилгоор тандалтын 44 баг, 280 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Дүүргийн иргэд шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж, хүн хоорондын зайгаа баримтлахыг мэргэжилтнүүд зөвлөлөө.

Холбоотой мэдээ