Аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан боллоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-12-05 21:09:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын ээлжит II хуралдаан болж, энэ сонгуулийн эрхийн хугацаанд баримтлах бодлогоо тодорхойлон “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэл”-ээ баталлаа. Тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал ирэх дөрвөн жилд олон тулгуурт хөгжлийн загварыг хэрэгжүүлж, эдийн засгийн бие даасан байдлыг хангах, ногоон хөгжлийг дэмжсэн, иргэнээ дээдэлсэн аймаг болохоор зорьж ажиллах юм.

Монгол Улсын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зөвхөн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхтэй холбоотой 420 гаруй заалт байдаг бөгөөд аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх талаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлж ажиллахаар баримтлан ажиллах чиглэлд тусгажээ. Аймгийн таван жилийн /2021-2025 он/ хөгжлийн төлөвлөгөөг батлан хэрэгжилтийг хангах, хяналт тавих, аймгийн хөгжлийн ирээдүйтэй уялдуулан шинжлэх ухааны байгууллагуудтай хамтран хүний нөөц, хөгжлийн бодлого боловсруулахаар төлөвлөсөн байна. Мөн хөгжлийн төлөвлөгөө болон аймгийн эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхдээ “Ногоон хөгжил”, аялал жуулчлал, нийгмийн хариуцлагатай уул уурхайг хөгжлийн бодлогын тулгуур болгох бодлого баримтална гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба мэдээллээ.

Аймгийн ИТХ-ын 2020-2024 онд баримтлан ажиллах чиглэлд нутгийн өөрөө удирдах байгууллагыг хөгжүүлэх талаар хурлын үйл ажиллагаанд мөрдөж буй дүрэм, журмуудыг боловсронгуй болгох, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулж, аймаг, сумын Хурлын байгууллагын шилдэг арга барил,туршлагыг судлах, дэлгэрүүлэх ажил зохион байгуулах юм.

Холбоотой мэдээ