Уругвай улс коронавирусний шинжилгээг өргөн хүрээнд хийсэн орны жишиг болж байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
sodonizm@gmail.com
2020-12-07 12:41:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  ЭМЯ-наас коронавируст цар тахлын эсрэг явуулж буй улс орнуудын туршлагаас ээлжит мэдээллийнхээ үеэр танилцуулж байгаа. Энэ удаад Уругвай улсын жишээг иш татлаа. 


Тус улс халдвар гарсан цагаас эхлэн хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхад онцгой анхаарч, үүнийгээ коронавирусний цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээнийхээ гол тактик болгожээ. 


Тус улс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхын тулд дөрвөн чухал арга хэмжээг авсан байна. Нэгдүгээрт, хөл хориог тодорхой хугацаанд, тодорхой давтамжтайгаар зохион байгуулсан.  Хоёрдугаарт батлагдсан тохиолдлын ойр харьцсан хүнийг илрүүлэх, тусгаарлах, шинжлэх арга хэмжээг өргөн хүрээнд хийсэн. Гуравдугаарт эрсдэлт бүлгийн хүн амыг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд багш, эмнэлгийн ажилчин, тамирчин зэрэг олон хүнтэй харьцдаг хүмүүсийг түлхүү хамруулсан байна.  Дөрөвдүгээрт, голомтыг цомхотгох, голомтын хариу арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлжээ. Дэлхий дахинд коронавирус илрүүлэх шинжилгээг өргөн хүрээнд хийсэн орны жишээ Уругвай улс болсон байна. 


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл ийнхүү мэдээлэхдээ, “Манай улсын хувьд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 38 тохиолдол нэмэгдсэн нь өмнөх өдрийнхөөс 31-ээр нэмэгдсэн үзүүлэлт юм.


Түргэн оношилгооны цэгээр 323 192 хүн шинжилгээнд хамрагдсан. ЗӨСҮТ-ийн  баг Нийслэл хот болон Сэлэнгэ аймгийн халдварын голомтын 13 обьектод 4350 шоо метр талбайд  ариутгал, халдваргүйтгэл хийсэн.


Мөн ЗӨСҮТ-ийн баг Өмнөговь аймгийн Гашуунсухайтад ажиллаж, 366 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Бүх хариу сөрөг гарсан. Сүүлийн 24 цагийн хугацаанд тусгай дугаарын дөрвөн утсанд 15 262 хүн холбогдож, коронавирусээс урьдчилан сэргийлэх зөвлөмж авсан байна. Мөн ЭМЯ-ны 323002 утас руу 642 хүн холбогдсон”-ыг дурдав.

 


Холбоотой мэдээ