Улсын хэмжээнд ойн цэвэрлэгээ үргэлжилж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
sodonizm@gmail.com
2020-12-08 10:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн түлшний хэрэгцээг хангах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох зорилготой “Ойн цэвэрлэгээ” үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байгаа билээ. Улсын хэмжээнд энэ онд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэх хязгаарыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар  баталсан байна. 


Ойн цэвэрлэгээг ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагууд болон ойн сан гэрээгээр эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд ойн цэвэрлэгээг хийх юм.


Монгол Улсын тайгын бүсийн навчит, шилмүүст ойн талбайн 18,9 хувь буюу 2.5 сая га ойд,  70.2 сая шоо метр хатсан, унанги модны нөөц байгаа ажээ.  Энэ талбайд ойн цэвэрлэгээ хийх нь ойг түймэр, хөнөөлт шавжийн аюулаас хамгаалах, мөн байгалийн аясаар нөхөн ургах боломжийг бүрдүүлэх  ач холбогдолтой юм байна. 


Улсын хэмжээнд жилд 3.2 сая шоометр мод, модон материалын хэрэгцээ бий гэсэн тооцоо байдаг байна. Зөвхөн түлээний хэрэгцээнд 2,06 мянган шоометр, хэрэглээний модны хэрэгцээнд 948.1 мянган шоо метр, үртсэн шахмал түлш, хавтан үйлдвэрлэхэд 234.0 мянган шоометр түүхий эд шаардлагатай байдаг байна. Энэхүү хэрэгцээний тодорхой хэсгийг ойн цэвэрлэгээнээс гарах нөөцөөр хангах боломжтой. Жилд дунджаар 720 мянган шоо метр модыг ойн цэвэрлэгээгээр бэлтгэдэг бөгөөд үүний 75,3 хувь нь түлээний, 24,7 хувь нь хэрэглээний мод юм. 2015-2019 онд 144,4 мянган га талбайд ойн цэвэрлэгээ хийж ойн төлөв байдал сайжруулаад байна. Түүнчлэн Ойн сан бүхий аймгууд ойн цэвэрлэгээгээр 3268,6 мянган шоо метр мод бэлтгэж, мод, модон бүтээгдэхүүний тодорхой хэсгийн хэрэгцээг хангажээ. Ингэснээр түймрийн аюулын эрсдэлийг 2 дахин бууруулж, иш холтосны хөнөөлт шавжаас урьдчилан сэргийлсэн байна.

 

Холбоотой мэдээ