THE HU: Домгийг сэрээсэн "Хүннү рок"

Монголын мэдээ | Соёл урлаг
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-10 10:19:48
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын “THE HU” хамтлаг домогт "Metallica" хамтлагийн “Sad but true” дууг хүннү рок урсгалаар шинэчиллээ. Ингэснээр, Spotify-д 142 сая хүн сонссон сонгодог бүтээлийг рок сонирхогчид өвөрмөц хэв маягаар хүлээн авах болов. 


Хүннү рок урсгалыг санаачлагч “THE HU” хамтлаг 2016 онд байгуулагдсан цагаасаа хойш өдгөө “Spotify”-д хэдэн арван сая, YouTube сувагтаа 137 сая үзэлт цуглуулж хэдийн дэлхийд хүлээн зөвшөөрөгджээ. Тэднийг монгол үндэстний язгуур хөгжмийн зэмсгийг метал хөгжимтэй хослуулж, хөөмийн аялгуугаар чимж түүнийгээ "Хүннү рок" гэж тунхагласныг дэлхийн рок сонирхогчид мэддэг болсон.



Тус хамтлаг өнгөрсөн долоо хоногт рок урсгалд домог болсон "Metallica" хамтлагийн “Гунигтай ч үнэн” дууг хүннү рок хэв маягаар шинэчлэн бүтээсэн нь олны сонирхлыг татаад байна. Ингэхдээ, анхын хувилбарыг гажуудуулсан зүйлгүй ч монгол хэлээр, үндэсний хөгжим, хөөмийг хослуулсан нь сонсогчдод шинэ мэдрэмж төрүүлэх аж.


Домогт "Metallica" хамтлагийн 1993 онд бүтээсэн “Гунигтай ч үнэн” дууг “Spotify” дээр 142 сая, YouTube хуудсанд 52 сая хүн сонсжээ.


“Дэлхий даяар рок хөгжмийн сая сая фенүүдийнх нь адил бидний хувьд "Metallica" хамтлаг асар их нөлөө, урам зориг өгсөн. Тэдний өвөрмөц хөгжмийн эгшиг, 40 жилийн турш тасралтгүй аялан тоглосон зэргийг биширдэг. Тиймээс энэ хамтлагийн дууг эх хэлээрээ, хүннү рок хэв маягаар шинэчилж, тэдэнд хүндэтгэл, талархлаа илэрхийлэх нь нэр төрийн хэрэг” хэмээн “THE HU”  хамтлагийн гишүүн Галбадрах хэвлэлд онцолжээ.


Энэхүү дуу нь "THE HU" хамтлагтай гэрээтэй ажилладаг "Better Noise Music" лебелийн уран бүтээлчдийн хамтарсан "The Best of Better Noise Music: 15 Years of Rock" цомогт багтаж байгаа аж. Тус цомгийг 2021 онд гаргахаар төлөвлөжээ.




-ХҮННҮ РОК ДАВАЛГАА-


Өрнө дорнын хөгжмийг зохицуулж буй “THE HU” хамтлагийн өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтаас товчхон сийрүүлье.


Тэд Чингис хааны адил хүннү рок урсгалаар дэлхийг байлдан дагуулах зорилгодоо хүрснийг “Yuve Yuve Yu”, “Wolf totem” зэрэг дуу нь илтгэнэ. Тодруулбал, 2018 оны намар цацсан дээрх хоёр дууг ганцхан сарын дотор YouTube хуудсаар 25 сая хүн үзэж олны анхаарлыг татаад байсан бол одоогийн байдлаар, 60 сая хэдийн давжээ. “Wolf totem” дуу нь 2019 оны дөрөвдүгээр сард “Billboard” жагсаалтын Hard rock дижитал дууны борлуулалтаар тэргүүлсэн анхны монгол хөгжим болсон. Нэмж өгүүлэхэд, “Yuve Yuve Yu” дуу нь мөн тус жагсаалтын долоодугаар байранд жагссан амжилт гаргасан бол “Wolf totem” дуу нь “Hot rock songs” чартын 22 дугаарт бичигдэж байв. Түүгээр ч зогсохгүй, ноднин есдүгээр сарын 13-нд гаргасан анхны “Гэрэг” цомог нь хагас сарын дотор борлуулалтаараа Billboard-ын жагсаалтыг тэргүүлж байв. 


Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг Youtube-д нэг сая subscribers-тай болж, "Golden play button" шагнал хүртжээ.



Тус хамтлаг ноднин зургаа, долоодугаар сард Европын 13 улсад нийт 23 тоглолт зохион байгуулж хөгжмийн найман томоохон фестивальд оролцсон. Мөн ноднин 9-12 дугаар сард АНУ-ын хотуудаар 60 гаруй тоглолтыг амжилттай дуусгаснаар эх орондоо ирсэн юм. Коронавирусний цар тахлын улмаас одоогоор тоглолт төлөвлөөгүй байгаа аж.


Тэд “Yuve Yuve Yu” дууны шинэ хувилбарыг Дэнни Кэйстэй хамтран гаргасан бол “Wolf totem” дуугаа Папа Роач, Якоби Шаддикс нартай хамтран бүтээсэн нь сонсогчдынх нь цар хүрээг улам өргөжүүлсэн гэж болно. Wolf totem дууны шинэчилсэн хувилбар нь “The Retaliators” киноны хөгжим болсон байна. Үүний зэрэгцээ "Star Wars Jedi: Fallen Order" видео тоглоомын дэвсгэр дууг бүтээсэн юм.



Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын их эзэнт гүрэн, өвөг дээдсийнхээ суу алдар, бахархалт түүх, үндэсний уламжлалт урлагийнхаа дундаршгүй өв соёлыг орчин үеийн хөгжмийн хэмнэл, хөг аялгуунд нийцүүлэн хүннү рок" хөгжмийн шинэ урсгалыг бий болгож, эх хэлээрээ туурвисан уран бүтээлээ дэлхий дахинаа сурталчлан түгээж буйг үнэлж “THE HU”  хамтлагийг Төрийн дээд шагнал "Чингис хаан" одонгоор шагнасан.


Тэд энэ оны зургаадугаар сарын 28-нд COVID-19 тусламжийн хандив цуглуулах тоглолтоо YouTube хуудсаараа дамжуулсан бөгөөд энэ үеэрээ 2021 онд хоёр дахь цомгоо гаргахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ