E-MONGOLIA: МОНГОЛЧУУД ЦАХИМ ШИЛЖИЛТЭД

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-14 11:45:00
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ хүрээнд Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (ХХМТГ) цахим үйлчилгээний нэгдсэн “E-Mongolia” системийг 2020 оны 10 дугаар сарын 1-нд албан ёсоор олон нийтэд танилцууллаа. Тус системд өнөөдрийн байдлаар төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээ нэвтрээд байна.


ЦАХИМ ҮНДЭСТЭН БОЛОХ НЬ

 “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Сайн засаглал”, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгох зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахимжуулж, авлигагүй, хүнд сурталгүй, сайн засаглалыг тогтоохоор ажиллаж буйг Ерөнхий сайд У.Хүрэлсүх E-Mongolia төслийн нээлтийн үеэр онцолсон. 


Технологийн дэвшлийг засаглалын эд эс болгон ашигласнаар төрийн байгууллагуудын мэдээлэл солилцоо түргэсэж, шийдвэр гаргах явц хурдасна. Ингэснээр, төрийн үйлчилгээ иргэдэд ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй хүрэх юм.


Дэлхийн улс орнууд төрийн үйлчилгээгээ хэдийн цахимжуулаад эхэлжээ. Монгол Улсын хувьд цахим шилжилт хийхэд дэд бүтцийн давуу талуудтай. Учир нь манай улс бүх аймгаа шилэн кабелийн сүлжээнд холбосон бөгөөд нэг хүнд ногдох ухаалаг утас, интернэт хэрэглэгчийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Тиймээс Монголчууд хамгийн түрүүнд цахим үндэстэн болох боломжтой. 


Иргэд www.e-mongolia.mn веб портал болон “Е-Mongolia” гар утасны аппликейшн ашиглаж аль нэг төрийн байгууллагыг зорьж очилгүйгээр, өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээг гэрээсээ эсвэл ажил дээрээсээ ямар ч  цаг үед авч болох боломжийг  "E-Mongolia" олгож байна. Уг системийн хэрэглээг нэмэх зорилгоор ХХМТГ-аас гар утасны дата үнэгүй байх зохицуулалтыг үүрэн холбооны оператор компаниудтай хамтарч хэрэгжүүлсэн. Мөн утасгүй сүлжээний оператор компани болох Кевико компанитай хамтран “E-Mongolia”-г өндөр хурдны WIFI сүлжээгээр ашиглах боломжийг олгоно. 



Цаашдаа 2021 ондоо багтаж 50 төрийн байгууллагын 492 үйлчилгээг энэ системд нэгтгэх зорилготой ажиллаж байгаа юм.  



ЦАХИМ ХЭРЭГЛЭЭ БА МОНГОЛЧУУД



Тэртээ 13 дугаар зуунд харилцаа холбооны анхны сүлжээг морин өртөөгөөр байгуулж явсан түүх Монголчуудад бий. Өгөдэй хааны үед бүрэн утгаараа хөгжиж байсан морин өртөө нь анхны телеграф төхөөрөмж, телефон утас бүтээх хүртэл олон зууны турш мэдээллийн урсгалыг дэлхий даяар дамжуулах үндэс суурь болсон байдаг. 


Тэгвэл дэлхий даяар интернэт сүлжээ ашиглах болсноор мэдээллийг нүд ирмэх зуур дамжуулах болж хүн төрөлхтөний хөгжил хэдэн мянга дахин урагшилсан юм. Өнөөдөр хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд л цаг хугацаа, орон зайнаас үл хамааран гар утаснаасаа бүх төрлийн мэдээлэл авах, бусадтай хуваалцах боломжтой болжээ. 21 дүгээр зуун буюу цахим технологийн хөгжлийн эрин үед цахим шилжилт, аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал гэх нэр томъёо ихээхэн дуулдах болов. Тэгвэл Монголчууд энэ хувьсгалд бэлэн үү?


Бид ухаалаг утас, интернэт хэрэглээгээр дэлхийд тэргүүлэгч

ХХМТГ-аас гаргасан судалгаагаар, 2019 оны байдлаар Монгол Улсад үүрэн холбооны хэрэглэгч давхардсан тоогоор гурван сая 800 мянга байгаагаас ухаалаг утас хэрэглэгч хоёр сая 439 мянга байна. Харин интернэт хэрэглэгч хоёр сая 910 мянга байгаа юм. Сонирхуулахад, Монгол Улсад 2019 оны байдлаар, фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2.2 сая байгаагаас гар утсаараа холбогддог 2.1 сая хэрэглэгч байна. Энэ нь Монгол Улсын 3.3 сая хүн амтай харьцуулахад маш өндөр тоо гэдгийг харуулна. Дахин сонирхуулахад, олон улсын хэмжээнд фэйсбүүк ашиглах дундаж хугацаа 53 минут байхад Монгол Улсад 77 минут байна. 


Манай улсын 2016 онд нэвтрүүлсэн “E-barimt” цахим татварын системийг өнөөгийн байдлаар 1.7 сая хүн ашиглаж, өдөрт 500 мянган хүн тогтмол нэвтэрдэг гэсэн судалгаа ч байна. Өөрөөр хэлбэл, манай улсын насанд хүрсэн 2.1 сая хүний 85 орчим хувь нь цахим татварын систем ашигладаг гэсэн үг. Энэ нь монголчууд төрийн үйлчилгээг хэдийн цахимаар авах боломжтой болсныг илтгэнэ.



COVID-19: Хөл хорио тогтоосноор иргэд E-Mongolia ашиглах болов

Иргэд өнөөдрийг хүртэл төрийн үйлчилгээг цахимаар ашиглах идэвх оролцоо өндөр байна. Тухайлбал, 2020 оны 12 дугаар сарын 7-ны байдлаар буюу үйлчилгээ нээлтээ хийснээс хойш 2 сарын дотор “E-Mongolia” цахим үйлчилгээний нэгдсэн системээс 250 мянга орчим хэрэглэгч төрийн үйлчилгээг цахимаар аваад байна. Зөвхөн нэг өдрийн статистикийг авч үзвэл 4957 иргэн E-Mongolia-с цахимаар үйлчилгээ авчээ. COVID-19 цар тахлыг дотооддоо алдаж хөл хориотой байсан нэг сар гаруйн хугацаанд иргэд төрийн үйлчилгээг цахимаар авч, иргэний үнэмлэх, гадаад паспорт болон жолооны үнэмлэх зэрэг захиалсан бичиг баримтаа шуудангаар гэртээ хүргүүлэн авч байна.



Статистикаас харахад, 2020 оны 11 дүгээр сард өдөрт дунджаар 1500 иргэн төрийн үйлчилгээг E-Mongolia системээс авч байсан байна. Гэтэл COVID-19 цар тахал дотоодод гарч улс орон даяар хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 12 дугаар сарын эхний өдрүүдэд өдөрт дунджаар 4500 иргэн үйлчилгээ авдаг болж өсжээ. 

 



ЦАГ, МӨНГӨ ХЭМНЭЛТ

Иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нь шууд болон шууд бус маш олон эерэг нөлөөтэй. Тухайлбал, цахимаар үйлчилгээ авахад 5 минутын хугацаа зарцуулдаг бол уламжлалт хэлбэрээр үйлчилгээ авахад замын түгжрэл, үйлчилгээний дараалалд зогсох зэрэг хугацааг тооцоход дунджаар 2 цаг 30 минут болно.


Иргэдийн хувьд, зарим нь сард хоёроос гурван удаа төрийн үйлчилгээ авдаг бол зарим нь жилдээ ганцхан удаа үйлчилгээ авч байх жишээтэй. Тэгвэл нэг иргэн жилд дунджаар зургаан үйлчилгээ авдаг гэж тооцвол иргэд төрийн үйлчилгээ авах гэж жилд 15 цаг буюу ажлын хоёр хоногийг алддаг юм. Өдөрт дунджаар 7580 иргэн төрийн үйлчилгээ авдаг. Тэдгээр иргэд 2 цаг 30 минут зарцуулдаг бол тэд нийт 18 950 цагийг төрийн үйлчилгээ авахад зарцуулж байна. Үүнийг мөнгөн дүнгээр буюу Монгол Улсын иргэдийн дундаж цалин 1.2 сая төгрөгтэй харьцуулбал, нэг цагт 6800 төгрөг алдаж байна гэсэн үг. Тэгвэл үүнийг 18 950 цагаар үржихэд 128 сая төгрөг болох бөгөөд, энэ мөнгийг E-Mongolia систем хэмнэж байгааг ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ онцолж байна.


Жилийн 365 хоногт 128 сая төгрөгийг үржүүлэхэд, 46 тэрбум төгрөг болно. Тэгэхээр Монголын төр цаг, мөнгө хэмнэхийн зэрэгцээ иргэддээ илүү ойр, хүн төвтэй болж байна гэсэн үг юм. Үүнийг том зургаар нь харвал, төрийн албаны хүнд суртлыг багасгах, орон тооны давхцалыг арилгаж, бичиг цаасны хэрэглээ, нийгмийн бухимдлыг бууруулах боломжтой юм.

Ингэснээр, улсын төсвөөс жилдээ 24 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, бичиг хэргийн зардлаас 492 сая, шуудангийн зардал 2 тэрбум 463 сая, шатахууны зардал 612 сая, хөдөлмөрийн хөлс болох 20 тэрбум 632 сая зэрэг зардал хэмнэх аж.


ХИЙМЭЛ ОЮУН УХААН БА ИЛҮҮ ИХ БОЛОМЖ



Цаашид үйлчилгээний тоог нэмэгдүүлэхээс гадна хиймэл оюун ухааны хөгжлийг ашиглан төрийн үйлчилгээ авахын тулд иргэн өөрөө ханддаг бус төрийн үйлчилгээ таныг хайж очдог болохын төлөө ажиллана хэмээн ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ хэлж байна. Тухайлбал, гадаад паспорт, иргэний болон жолооны үнэмлэхийн хугацаа дуусахаас 1-6 сарын өмнө баримт бичгээ сунгах эсэх талаар мэдэгдэл иргэнд очно. Мэдэгдэл дээр тийм гэсэн товчийг дарахад л бичиг баримтын хугацааг сунгах хөгжүүлэлтийг хийхээр төлөвлөж байгаа ажээ. 


Мөн хиймэл оюун ухаанд суурилсан дуу таних технологи бүхий “CHIMEGE” системийг хослуулан нэвтрүүлнж байна. Ингэснээр, дуу хоолойгоороо өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээгээ хайх бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ашиглах боломж үүсгэж байгаа юм. Түүнчлэн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Chatbot” системийг нэвтрүүлээд байгаа аж. Үр дүнд нь иргэд цагийн бүсээс үл хамаарч тусламж дэмжлэг авах боломжтой. Өөрөөр хэлбэл, гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэд Chatbot үйлчилгээг ашигласнаар тухайн орныхоо цагийн бүсээс үл хамаарч төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээллийг авч болно гэсэн үг юм. 



ЦАХИМ ШИЛЖИЛТЭД БЭЛТГЭСЭН 6 ТОМ ТӨСӨЛ

Цахим шилжилт нь Монгол Улсад гэнэтхэн эхэлсэн ажил биш. Өнгөрсөн хугацаанд цахимжуулах, дэд бүтцээ сайжруулах асуудлыг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлж ирсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2000 онд “Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”, Засгийн газраас 2002-2006 онд “Mонгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”, 2006-2012 онд “Цахим Монгол үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Мөн 2008-2012 онд “Бүртгэлийн нэгдсэн тогтолцоог бий болгох үндэсний хөтөлбөр”, 2010-2015 онд “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, 2011-2015 онд “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ үндэсний хөтөлбөр”, 2012-2016 онд “Цахим засаг үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж байв. 


Харин 2017-2025 онд “Төрөөс мэдээлэл, харилцаа, холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”, 2018-2020 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого, “Цахим засаглал үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байна.


Дээрх бодлого, хөтөлбөрийн хүрээнд цахим засгийн хөгжилд түлхүү хамааралтай дараах томоохон төсөл хэрэгжүүлжээ. 


Үндэсний дата төв төсөл 

Төрийн мэдээллийн сан ба мэдээллийн технологийн найдвартай байдал, аюулгүй ажиллагааны орчин, дэд бүтэц бий болгох үүрэг бүхий үндэсний дата төвийг байгуулж ашиглалтад оруулсан. Уг төв ашиглалтад орсноор 2018 оны эхний хагас жилийн байдлаар төрийн 37 байгууллагын мэдээллийн санг төвлөрүүлсөн бөгөөд төрийн байгууллагуудын нийт 211 суурь үйлчилгээ (сервис) гаргаж байгаа байна. Цаашид энэ тоог 2000 хүртэл өргөжүүлэх технологийн боломж бүрдсэн юм.


Иргэний цахим үнэмлэх төсөл 

Энэ төслийн гол ач холбогдол нь иргэний цахим үнэмлэхэд суусан бичил схем (chip)-д тухайн иргэний тоон гарын үсэг суулгах замаар цахим орчинд иргэнийг адилтган таних боломж бүрдүүлсэн. Энэхүү техникийн боломж нь төрийн болон бусад үйлчилгээг интернэтээр дамжуулан цахим хэлбэрээр авах, цахим орчинд төрийн болон бизнесийн байгууллагатай харилцах боломж нээж өгсөн юм.


Нийтийн түлхүүрийн дэд бүтэц 

“Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд тоон гарын үсгийг хэрэглээнд нэвтрүүлэх, цахим орчинд иргэнийг адилтган таних, төрийн болон хувийн хэвшлийн онлайн, цахим үйлчилгээ хөгжихөд найдвартай, аюулгүй орчин бий болгох зорилго бүхий “Нийтийн түлхүүрийн дэд бүтэц” төслийг 2014 онд хэрэгжүүлж ашиглалтад оруулсан. 2019 оны жилийн эцсийн байдлаар нийт 15000 тоон гарын үсгийг аж ахуйн нэгжид олгож татвар, нийгмийн даатгал, төрийн худалдан авах үйлчилгээнд ашиглаж байна.


Төрийн үйлчилгээний ТҮЦ машин 

Төрийн байгууллагаас иргэд, олон нийт үйлчилгээ авахад шаардлагатай бичиг баримт, лавлагааг аль ойр байгаа байршиж байгаа цэгээс авч цаг хугацаа хэмнэх, иргэдэд учруулдаг зардал, чирэгдэл, хүнд суртлыг багасгахад чухал нөлөөтэй төсөл болсон.


Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем 

Төрийн байгууллагууд харилцан гэрээ байгуулж мэдээлэл солилцож байгаа арга, хэлбэрийг халж мэдээллийн технологид (Enterprise Service Bus, ESB) суурилсан, хялбар, шуурхай мэдээлэл солилцооны дэвшилтэт хэлбэрийг нэвтрүүлсэн. Энэ шийдэл нь төрийн мэдээлэл солилцооны “ХУР” систем юм. 


Танилт нэвтрэлтийн ДАН систем 

Үйлчлүүлэгч иргэн төрийн байгууллагын цахим үйлчилгээ тус бүрт бүртгэл үүсгэн, нууц үг авах шаардлагагүй нэгдсэн нэвтрэх эрхтэй болгосон “ДАН” системийг нэвтрүүлсэн. Ингэснээр иргэд цахим орчинд бүхий л төрлийн цахим үйлчилгээг авах, төрийн байгууллагуудад байгаа өөрийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. Тус систем нь төрийн цахим үйлчилгээний ХУР, нийтийн түлхүүрийн дэд бүтцийн системүүдтэй холбогдож ажилладаг бөгөөд төрийн үйлчилгээний хүртээмж, үр ашиг, төрийн байгууллагуудын бүтээмжийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой суурь системийн нэг нь болно.


ОНЦГОЙ АЛХАМ: ЦАХИМ ШИЛЖИЛТИЙН БАГЦ ХУУЛЬ

Нүүдэлчин монголчууд цаг агаарын эрс тэс нөхцөлд хэдэн зууны турш амьдарч ирсэн, ямар ч үед хөрвөх чадвартай гэдгийг судлаачид тэмдэглэдэг. Өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай Монгол Улс богино хугацаанд цахим үндэстэн болох бүхий л боломж нээлттэй байна. 


Төрийн байгууллага, хувийн хэвшил, оператор компаниудын цахим систем уялдахгүй байгаа нь цахим шилжилтэд учирч буй том асуудал юм. Тэгвэл үүнийг шийдэх анхны алхам нь E-Mongolia систем болж байна. Төр, хувийн хэвшил, технологи гурвыг нийлүүлсэн GovTech буюу Government Technology платформ руу ирээдүйд шилжин орно. Энэ шилжилтийг бүтэн хийхэд 7 жилийн хугацаа хэрэгтэй ч ирэх 4 жилийн хугацаанд 85 орчим хувийг хийхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө нэгтгэл нь ийм байх ч цахим хамгаалалтын сервер угсрах, хувь хүний мэдээллийг нууцлах, төр, иргэн, хувийн хэвшлийнхэн цахим орчинд харилцах хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлага тулгарах юм. 



Иймд Монгол Улсын парламент УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, харилцаа холбоо, мэдээллийн технологийн хөгжлийн хурдцыг эрчимжүүлэх, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүрэг бүхий Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулан ажиллаж байна. Тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Учрал “Цахим шилжилтийг бүрэн дүүрэн хийхтэй холбоотой мэдээллийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог бий болгох, хувь хүний мэдээллийг хамгаалах, хадгалах, төрийн байгууллага хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцах, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой шинэлэг зохицуулалтыг тусгасан багц хуулийн төслийг нэн яаралтай батлах зүй ёсны шаардлага парламентын өмнө тулгараад байна” хэмээсэн байна. Тэрбээр тулгамдаж буй асуудлыг шийдэж Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргахад УИХ, Инновац, цахим бодлогын байнгын хороо хамтран ажиллахад нээлттэй байгааг илэрхийлсэн юм.


E-Mongolia төслийн талаар хэн юу хэлэв?


Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх:

Төрийн үйлчилгээг цахимжуулах E-Mongolia төсөл нь Монгол Улсыг цахим үндэстэн болох эхлэлийг тавьж байна. Бид оюуны хөдөлмөрөөр буй болдог мэдээлэл технологийн салбарыг илүү хөгжүүлж, улмаар дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээгээрээ өрсөлдөх боломжийг бүрэн ашиглах учиртай. Монгол Улсын Засгийн газар төрийн үйлчилгээг цахимжуулахад чиглэсэн шат дараалсан олон арга хэмжээг цаашид авч хэрэгжүүлнэ.


УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: 

-Засгийн газрын хэрэгжүүлж байгаа энэ том төсөл бол иргэний хувьд маш ач холбогдолтой гэж харж байна. Үнэхээр бид төрийн үйлчилгээг авахдаа ямар их цаг, заваа зарцуулж, ямар их хүнд сурталтай тулгардаг билээ. Түүний гол шийдэл нь энэ E-Mongolia гэж үзэж байна.


Эм Си Эс группын дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин:

-Төрийн үйлчилгээг дижитал болгож байгаа нь хоорондоо уялдаатай гоё ажил болно гэж бодож байна. Зарим хувийн хэвшилтэй энэ зэрэгцэж, түрүүлж ийм санал санаачилга гаргаж байгаад баяртай байна. 

Холбоотой мэдээ