НӨАТ-ын хуультай холбоотой хүнсний салбарт тулгарсан асуудлаар ярилцав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-16 09:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын тухай хуулийн 14.1.4-д заасан мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн түүхий эд худалдан авсан албан татварыг 10 хувиар хасаж тооцох тухай заалтыг хэрэгжүүлэхэд хүнсний үйлдвэрүүдэд тулгарч буй асуудлаар цахим уулзалт хийв.


МҮХАҮТ, Татварын ерөнхий газар хамтран зохион байгуулсан уулзалтын үеэр Татварын ерөнхий газраас НӨАТ-ын шинэчилсэн заалтуудыг мах, сүү, газар тариалангийн түүхий эдийг боловсруулах, худалдан борлуулах үе шатад хэрхэн ойлгож хэрэгжүүлэх, хөдөө аж ахуйн салбарын татварын орлогод эзэлж буй хувь нэмэр, төрөөс үзүүлж буй дэмжлэгийн талаар танилцууллаа.


Монголын хүнсчдийн холбоо болон мах, сүү, гурил гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч буй хүндрэл, ойлгомжгүй зүйлээ тодруулж, санал бодлоо хэлсэн юм.


Татварын ерөнхий газрын удирдлагууд асуудлыг хуулийн хүрээнд, үйлдвэрчдийг хохироолгүй шийдэхээ мэдэгдээд, цаашид татвартай холбоотой асуудлаар салбарын ийм уулзалт хэлэлцүүлэг хийхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.


Уулзалтыг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин удирдаж, Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал, дэд дарга Д.Цогтжаргал, газрын дарга Д.Хүрэлчулуун, МХХ-ны гүйцэтгэх захирал М.Нармандах, ХХААХҮЯ-ийн төлөөлөл, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгч ААН, орон нутгийн ХАҮТ-ын удирдлага гээд 70 гаруй хүн оролцлоо.

 

 

Холбоотой мэдээ