Аваарийн үед ажиллах автоматик систем ашиглалтад оруулав

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-16 13:42:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж, ачаалал ихэссэн учир тогтвортой ажиллагааг хангах, аваариас хамгаалах үүднээс ОХУ-аас авах эрчим хүчний автоматик системийг өчигдөр ашиглалтад оруулснаа Диспетчерийн үндэсний төв мэдээллээ.


Энэ нь эрчим хүчний чадлыг нэмсэн бус хэвийн ажиллагааны үед ямар нэгэн гэмтэл, доголдол үүсэхэд манайд нөөц чадал байхгүй учир аваариас хамгаалах эцсийн арга хэрэгсэл гэдгийг Төв диспетчерийн албаны дарга О.Наранбаатар онцолж хэлэв.

Гэмтэл гарсан үед чадлын хэмжээгээ 8 хувиар нэмж, ОХУ-аас 245 МВт ачаалал авдагийг 260 МВт хүргэх боломжтой аж.

Учир нь одоогоор 120 МВт-ын хүчин чадалтай нэг генератор тасрахад шууд аваарийн байдалд орохоор байгаа.


Цахилгааны хэрэглээ хамгийн өндөр оргил үе буюу 17-21 цагт 1170 МВт гаруй байдаг ачаалал өчигдөр 1308 МВт болж өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдрийнхөөс 200 МВт-аар нэмэгджээ.


Оргил ачааллын үеэр “Сэлбэ” дэд станд 100 хувь ачаалалд орсныг хамгаалж, Дамбадаржаа, Дарь-Эх орчимд 10 МВт-ын цахилгааныг хязгаарлажээ. Харин томоохон аж ахуйн нэгжүүдтэй тохиролцсоноор ачааллыг 40 МВт-аар хөнгөлсөн байна.


Нар, салхины станцаас өчигдөр гэхэд 50МВт эрчим хүч авчээ. Эрчим хүчний хэрэглээний ачааллыг асуудалгүй давахад 500-аас дээш МВт-ын хүчин чадалтай нэг дэд станд ашиглалтад орсноор эрсдэлгүй, аваарийн нөхцөл үүсэхгүй байх боломжтойг Диспетчерийн үндэсний төвийн Реле хамгаалалт, автоматикийн албаны дарга Ч.Амарсанаа хэлэв.

 

Холбоотой мэдээ