Хөдөлмөрийн насны хүн амын 12 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдаагүй

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-16 15:29:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хөдөлмөрийн насны хүн амын 12 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдаагүй байгаа.


“Тэдгээрийн дийлэнх нь албан бус эдийн засагт ажиллагсад. Үүний дээр малчдын нийгмийн даатгалд хамрагдах нь хангалтгүй байгаа”-г НДЕГ-ын мэргэжилтэн Ж.Нармандах “Албан бус эдийн засагт ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулах нь” хоёрдугаар шатны цахим хэлэлцүүлгийн үеэр онцоллоо.


Иймд малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн баталгааг хангах, цар тахлын үед сайн дурын даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлж, чөлөөлж байгаа. Даатгалд хамрагдахад хялбар байлгахын тулд сайн дурын даатгалын цахим систем нэвтрүүлснийг тэрбээр дурдав.


Мэдээллийн хүртээмжийг сайжруулж, итгэлийг бэхжүүлснээр албан бус эдийн засагт ажиллагсдын нийгмийн даатгалд хамрагдах нь нэмэгдэнэ гэж судлаач, зөвлөх Дашдондог танилцуулсан. Үүний тулд ажилтан бүр мэдээлэгч байж, даатгуулагч бүрт хүрэх, мэдээлэл, харилцаа холбооны сувгийг өргөн ашиглах, хууль эрх зүйн актаас даатгуулагчид ашигтай талыг тухайлан тайлбарлах, хүнд сурталгүй үйлчлэх, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг даатгалд хамруулахдаа шимтгэлийг шатлалтай хэрэгжүүлэх нь эерэг үр дүн үзүүлэхийг тэрбээр онцлов.


НДЕГ-ын дэд дарга Г.Саран “Нийгмийн даатгалд хамрагдах хүрээг нэмж, иргэдийн нийгмийн баталгааг хангахын тулд даатгуулагч бүрт, тухайлбал ажлын байр, хороолол хотхон, малчны хотонд явуулын үйлчилгээ үзүүлж байна. Энэ үйлчилгээг 1200 гаруй удаа зохион байгуулж, 60 гаруй мянган иргэнд мэдээлэл хүргэж, тодорхой хэмжээнд үр дүнд хүрсэн”-г хэлэв.


Цаашид даатгалд хамрагдахыг нэмэгдүүлэхэд ТББ, төсөл хөтөлбөртэй хамтран ажиллах, мэдээллийн хүртээмжийг сайжруулах нь зөв гэдэгт оролцогчид санал нэгдлээ. 


Хэлэлцүүлэгт ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ,  Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын 60 гаруй албан хаагч, судлаач оролцов.

Холбоотой мэдээ