Уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлжээ

Монголын мэдээ | Уул уурхай
oyundelger@montsame.gov.mn
2020-12-17 09:57:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын уул уурхайн салбар дахь технологийн чиг хандлага, нөлөөллийг тодорхойлох судалгааг “New Tech, New Deal” төслийн захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ гүйцэтгэжээ.


Улс орнуудын уул уурхайн салбар дахь технологийн хандлага, нөлөөлөлд дүн шинжилгээ хийх “New Tech, New Deal” төсөл 5 улсад хэрэгжих бөгөөд үүнд Монгол Улс багтсан юм.


Төслийг Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэн (IISD) Засгийн газар хоорондын уул уурхай, ашигт малтмал, металл ба тогтвортой хөгжлийн форум (IGF), Колумбын тогтвортой хөрөнгө оруулалтын Төв (CCSI), Уул уурхайн хамтын үнэ цэнэ, Канадын хил хязгааргүй инженерүүдийн байгууллагын түншлэлээс хэрэгжүүлж, Германы Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам санхүүжүүлжээ.


Монгол улс дахь судалгааг уул уурхайн салбарын олон талт оролцогчоос бүрдсэн 50 орчим мэргэжилтэнтэй ярилцлага хийж, мэдээлэл цуглуулах аргаар гүйцэтгэв.


Судалгаанд уул уурхайн салбарт нэвтэрч буй технологийн өнөөгийн түвшинг үнэлэн, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хэрхэн сайжруулах дүгнэлт, зөвлөмжийг багтаажээ.


Түүнчлэн, Монгол Улсын уул уурхайн салбарын онцлогт таарсан сүүлийн үеийн технологийг олон улсын стандартын дагуу дотоодын томоохон уурхай, үйлдвэрүүд нэвтрүүлэн ашиглаж буй нь улсын эдийн засаг, салбарын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байна гэж үзжээ.


Технологийн чиг хандлагын хувьд 2010 оноос идэвхжсэн том төслүүдтэй холбоотой олон шинэ, дэвшилтэт технологи нэвтэрсний зэрэгцээ “Оюутолгой” төслөөр дамжаад далд уурхайн шинэ технологи, тоног төхөөрөмж нэвтэрч, ашигт малтмал олборлолтын салбарт үнэ өндөр ч бүтээмж сайтай хүнд машин механизмын ашиглалт нэмэгдэх хандлага байгаа.


Мөн ашигт малтмал баяжуулах, боловсруулах үйлдвэрт автоматжуулалтын дэвшил гарч, говийн бүсийн уурхай, баяжуулах үйлдвэрүүдэд усны хэмнэлттэй технологи нэвтэрч байна. Томоохон аж ахуйн нэгжүүдийн тухайд олборлох салбарт АНУ, Японы тоног төхөөрөмжийг, эрдэс боловсруулах, баяжуулах үйлдвэрт БНХАУ-ын технологи, тоног төхөөрөмж илүү ашиглаж байна.


Судалгаагаар технологи нэвтрүүлэхэд тулгамдаж буй бэрхшээлийг хөрөнгө санхүүгийн дутагдал, ур чадвартай хүний нөөц, дэд бүтцийн сул тал гэж тодорхойлжээ. Дотоодын уурхайнууд борлуулалтын орлогын араас хэт хөөцөлдөж, ашигт малтмал эрчимтэй олборлож, хөрс хуулалтаа хоцроох хандлага түгээмэл бий. Үүнээс үүдэн олон уурхайд олборлолтын технологийн горим зөрчигдөж, нөөцийн зарим хэсгийг алдах нөхцөл үүсжээ.


Жижиг, дунд уурхайнуудын хувьд ордын нөөцөө бүрэн тогтоодоггүй нь техник технологи, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа доголдох нөхцөл бүрдүүлдгийг судалгаанд дурджээ.


Судалгааны тайланд цаашдын сорилт бэрхшээлийг ч хөндөв. Тухайлбал, сүүлийн арваад жилд ил уурхайнууд хурдтай тэлснээс томоохон уурхайн үйл ажиллагааг удирдах, уурхайн ханын тогтворжилтыг хангах зэрэг шинэ сорилт бий болжээ.


Улмаар томоохон уурхайнууд гүнзгийрч, хүдрийн агуулга буурч, дотоод тээвэрлэлтийн зардал нэмэгдэж байгаа тул 5-10 жилийн дараа Монгол Улс ил уурхай дахь уламжлалт аргачлалаа халж, конвейерийн систем нэвтрүүлэх шаардлага үүснэ гэж дүгнэв.


Аюулгүй, дэвшилтэт технологи бүхий уул уурхайн хөгжлийн суурь бүтээхийн тулд технологийн чиг хандлага, онцлог, давуу сул тал, бэрхшээл сорилтыг үнэлэх нь чухал учир энэ чиглэлийн судалгааг гүнзгийрүүлэх хэрэгцээ шаардлага байгааг тайланд онцолжээ. 

Холбоотой мэдээ