Далавч нь гэмтсэн хотон шувууг гэртээ тэжээж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2020-12-18 11:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболд далавч нь гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж буйг “Амьтдын ертөнц” цахим хуудаснаа нийтэлжээ.


Ховд аймгийн нутагт хотон шувуу зусаж, үр төлөө авдаг газар нь Хар-Ус нуур юм. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Хар-Ус нууранд 80 гаруй хотон шувуу өндөглөн зусжээ. Орон нутагт нэн ховор амьтан болох хотон шувууг хууль бусаар агнах, гэмтээх тохиолдол гарсаар байгаа. Тодруулбал, Хар-Ус нуур орчим “Шувуун цуглаан” гэх газарт энэ хотон шувууны баруун далавч гэмтэн, нисэж чадахгүй болжээ.


Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны мэргэжилтэн Б.Ганзориг, Д.Эрдэнэчимэг, байгаль хамгаалагч Ш.Энхээ нар тус шувууг өнгөрсөн 11 дүгээр сарын 09-нд холбогдох байгууллагад мэдэгдэн, Жаргалант сумын Баатархайрхан багт авч иржээ. Зориулалтын байр байхгүй учир сар гаруй хугацаанд монгол гэрт ийнхүү тэжээж байна. 


Хар-Ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон тус шувуунд “Азбаяр” хэмээх нэр өгчээ.

Шувууг хооллох, усанд оруулах зэргээр арчилж маллах ажлыг мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын зөвлөмжийн дагуу биологич Ц.Ганболд гүйцэтгэж байна. Тэрбээр хоёр өдөрт нэг удаа ванны усыг нь сольж, өдөрт 5-6 загасаар хооллодог аж. Биологич Ц.Ганболд нь өнгөрсөн 2018 онд “Аз хүү” хэмээх шархадсан хотон шувууг мөн эмчилж, монгол гэрт тэжээсэн туршлагатай. 


Энэ удаа биологич Ц.Ганболд хотон шувууг анх олсон цаг хугацаа, тухайн үйл явдал, бодит байдлыг харуулсан “зургийн цомог” үүсгэжээ. Хотон шувууг сонирхохоор ирсэн иргэдэд танилцуулж, тэдэнд сэтгэгдэл үлдээх, нэн ховор амьтныг ойроос, бодитоор харах, танин мэдэх боломж олгож байна.

Холбоотой мэдээ