Эрчим хүчний хэрэглээг 50-70 МВт-аар бууруулжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-18 16:19:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын тогтоолоор айл өрх, зарим аж ахуйн нэгжийн хэрэглээний цахилгаан, дулааны төлбөрийг төрөөс гаргах болсонтой холбоотой журам баталсан. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх энэ журмын талаар мэдээлэхээр хэвлэлийн хурал хийв.


Энэ хүрээнд санхүүжилт, ашиглалттай холбоотой хоёр журмыг Сангийн яам, ХЗЯ-д хүргүүлээд байгаа аж. Эрчим хүчний хэрэглээ жилд дунджаар 5-6 хувь өсдөг нарийвчилсан судалгаа бий. Тогтоол гарахаас өмнө цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 МВт-аар өснө гэж тооцоолсон ч 2 дахин нэмэгдсэн нь гагцхүү зохиомол, зүй бус хэрэглээ учир эрчим хүчийг зохистой хэрэглэхийг хэлж байв.


Гэр хороолол, орон сууцны хэрэглээ 5-10 хувь бууж байна. Оргил ачааллын үед томоохон үйлдвэр аж ахуйн газруудтай тохиролцсоноор ачааллыг 50-70 МВт бууруулжээ.


Түүнчлэн, хэрэглээний өсөлтийг тооцон, шинээр хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрийн талаар мэдээллээ.

Тухайлбал, “ДЦС-4”-ийн хүчин чадлыг 89 МВтаар өргөтгөх төслийн дүнд хэрэгцээг тодорхой хэмжээнд хааж байна. Оргил ачааллын үед найдвартай ажиллагаагаа хангаж байгаа. Эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр гурван чиглэлд ажиллаж байгаа аж.


Улаанбаатар хотын дулаан цахилгааны эх үүсвэрийг нэмж, өргөтгөх чиглэлд 4 машин ажилд орохоос 3-г нь оруулсан, мөн 100 МВт-г 123 МВт болж өргөтгөх ажлыг 12 сардаа багтаан дуусгаснаар өвлийн ачаалал давахад нэмэр болно. Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг 35 МВт-аар  өргөтгөж байна. Улирлын чанартай ажил учир түр зогссон, ирэх онд дуусна. Дорнодын ДЦС-ыг 50 МВт-аар өргөтгөх ажлын гүйцэтгэл 15 хувьтай байна. Энэ нь 2022 оны 6 дугаар сард ашиглалтад орох юм.


Түүнчлэн, “ДЦС-3”-ын хүчин чадлыг ирэх онд 325 МВт өргөтгөх юм. “ДЦС-2”-ын хүчин чадлыг 100 МВт-ын хийн трубинаар өргөтгөх бэлтгэл хангажээ.


Шинэ эх үүсвэрийн хувьд “Тавантолгой” нүүрсний уурхайг түшиглэн, 450 МВт-ын ДЦС барих бэлтгэл дууссан бөгөөд ирэх оны нэгдүгээр улиралд гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендер зарлах юм. Энэ станц говийн бүсийн эрчим хүчний хэрэгцээ, Оюутолгойг ханган, илүү гарсан эрчим хүчээ төвийн бүсэд нийлүүлнэ гэж Эрчим хүчний сайд мэдээлэв.


Тэрбээр, Сонгино-Мандалговийн 240км урт 340 КВтын цахилгаан дамжуулах шугамаар 200 МВтын хүчин чадал урсгах ажлыг өнөөдөр залгаснаа дуулгав. Найман жил болсон “Сонгино” станцыг ашиглалтад оруулж хүчдэлд залгаснаар  Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлын цахилгаан хангамж асуудалгүй болсон хэмээлээ.


Улаанбаатар хотын 2 дахьч 110 квт-ын тойруу тэжээлтэй болгосон. Энэ шугам газрын маргаанаас болоод зогссон байсныг залгаж дууссанаар нийслэлийн цахилгаан хангамжийн найдвартай байдал 2 дахин нэмэгджээ. Удахгүй “Яармаг” станцыг хүчдэлд залгах аж.

 

Холбоотой мэдээ