Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн даваа гараг бүр болно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-21 15:01:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг долоо хоног бүрийн даваа гарагт цаг үеийн асуудлаар хийнэ.


Энэ удаагийн хурлаар нийслэлийн нутгийн захиргааны удирдлагуудад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар хэлэлцэв.


Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн тархалт, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, нийтийн хэв журам, Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан шахмал түлшний үнэ хямдруулж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг чөлөөлсөн нь иргэдийн бодит хэрэгцээнд хэрхэн уялдаж буй талаар НЭМГ, НЦГ, Тээврийн цагдаагийн алба, НОБГ, НМХГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар болон дулаан хангамж, цахилгааны хэрэглээ хариуцсан удирдах албаныхан мэдээлэл өгөв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар коронавирусний халдвар илрүүлэх, тандах зорилгоор ажилтан, албан хаагчдыг PCR шинжилгээнд хамруулах, сэжигтэй тохиолдол илэрвэл тусгаарлах өрөө бэлтгэх, албан хаагчдын 70 хүртэл хувийг гэрээсээ цахимаар ажиллах боломж бүрдүүлэх, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгаалалтын дэглэм, түр журмыг мөрдүүлэх, QR код ашиглалтыг сайжруулах, дулаан, цахилгаан, хог, усны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан иргэдийг зохистой хэрэглээнд уриалж ажиллахыг агентлагуудад үүрэг болголоо.

 

Холбоотой мэдээ