“Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэг үргэлжилж байна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-21 15:24:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгууллагын гүйцэтгэх удирдлага, дунд шатны менежерүүд, гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан “1000 CEO, 1000 хүчирхэг компани” хөтөлбөрийн хүрээнд “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэг эхэллээ.


МҮХАҮТ-ын дэргэдэх Бизнес академиас Харвардын Бизнесийн сургуулийн хөтөлбөрийг албан ёсны эрхтэйгээр Монголд нэвтрүүлж байгаа. Энэ ажлын эхлэл болгон виртаул сургалт-хэлэлцүүлэг зохион байгуулж байна.


Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийг нээж МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин цар тахлын дараах бизнесийн орчин, шинэ нөхцөлд бэлэн эсэх, үүнд компаниудын гүйцэтгэх удирдлагууд ямар үүрэгтэй талаар илтгэл тавилаа.


“Зогсолтгүй хөгж, Сорилтыг удирд” уриатай “Executive summit 2020” виртаул сургалт-хэлэлцүүлэгт Монголын бизнесийн салбарын нөлөө бүхий эрхмүүд оролцож байна.


Тухайлбал, "М-Си-Эс" группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "АПУ" ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбилэг, "Анд Глобал" ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирал Б.Хос-Эрдэнэ, "Мобиком" корпорацийн Мэдээллийн технологийн газрын захирал Б.Мөнхзориг нар бизнес зогсонги байдалд орсон, нөхцөл байдал тодорхойгүй энэ цаг үед хэрхэн ухаалаг шийдэл олох, бизнесээ хөрвүүлэх талаар санаа бодлоо солилцож байгаа юм.


Харвардын менежментийн курсын хөтөлбөрийг Монголд албан ёсны эрхтэй нэвтрүүлэхээр тус сургуулийн Паблишингийн менежерүүд болон гүйцэтгэх удирдлагын манлайллын холимог хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Харвард Бизнес сургуулийн паблишингийн дэд ерөнхийлөгч Николас Грант Клэйтон, Ази Номхон Далайн орнууд хариусан захирал Пердип Кумар нар гарын үсэг зурлаа.


Гэрээний хүрээнд Танхимын гишүүн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн захирал, удирдах албан тушаалтнуудад манлайллын сургалтын хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх юм. Эхний сургалт ирэх оны нэгдүгээр сард эхэлнэ.

 

Холбоотой мэдээ