Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг 800 таксинд олгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-12-21 17:12:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл ахуйн дэглэм мөрдсөн 800 такси замын хөдөлгөөнд оролцуулахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ. 


Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр албаныхан дараах мэдээллийг өгөв.


-Баянзүрх дүүрэгт гарсан коронавируст халдварын нөхцөл байдлын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусний халдвартай хүн энэ сарын 16-нд илэрснээс хойш 62 тохиолдол батлагдлаа. 35 өвчтөний 8 нь энэ сарын 11-16-нд эмнэлгээс гарсан, 12 нь эрүүл мэндийн ажилтан, 6 нь сахиур, 9 нь гэр бүлийн хүмүүс юм. Уг голомт энэ сарын 11-нд хэвтэн эмчлүүлсэн хүнээс эхлэлтэй эсэхийг судалж байна. Өнгөрсөн 2 хоногийн халдварын тооноос харахад өвчилсөн хүний тоо нэмэгдэж болзошгүй байна. Тус дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан болон ажилчдад эрсдэлийн үнэлгээ хийж, хүүхдүүдийг шинээр нээсэн эмнэлэгт, зарим ажилчныг тусгаарлах байранд шилжүүллээ. Одоогоор 248 үйлчлүүлэгч, эмч, эмнэлгийн ажилтан тусгаарлагдаад байна.


-Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг ХӨСҮТ-ийг шалгаад халдвар хамгааллын дэглэм зөрчсөн дүгнэлт гаргасныг тайлбарлана уу?

Я.Содбаатар: Эрсдэлтэй хэд хэдэн цэг бий. Хилийн боомтоор халдвар дамжин орж ирэх магадлал их. Гадаадаас 4 онгоцоор иргэдээ татан авч, 500 гаруй хүнийг тусгаарлаад байна. Эндээс 7 хүн халдвартай нь батлагдсан. Өнөөдөр Японоос ирсэн иргэдийн шинжилгээний хариу гарна. Эрсдэлтэй дараагийн цэг нь эмнэлэг. ХӨСҮТ-ийн гурван тасгийн эмч, сувилагчаас халдвар илэрсэн. Халдвар, хамгааллын дэглэм алдагдаж байгааг таслан зогсоох, эм, эмнэлгийн хэрэгслийн устгал, бохир шугамын хоолойн гээд олон асуудал гарч ирж байна. Ажлын хэсэг зохион байгуулалтын чанартай арга хэмжээ авах дүгнэлт гарган, Эрүүл мэндийн сайдад чиглэл өгсөн. Жилийн турш энэ байгууллагад хөл хориотой байгаа учраас техникийн үзлэг хийх, зарим тасгийн шүршүүр эвдрэх, цонх хаалга солих асуудал ч гарсан. Мөн эмнэлгийн ачааллыг нимгэлэх дүгнэлт гарсны дагуу ХУД-ийн эмнэлэг рүү өвчтөн шилжүүлж байна. Энэ 7 хоногийн сүүлээр бүрэн хүчин чадлаараа хэвийн горимд ажиллана.


-Вакциныг нэгдүгээр улиралд оруулж ирэх талаараа дэлгэрүүлж мэдээлнэ үү?

Я.Содбаатар: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сайн чанартай вакцин оруулж ирэхээр гурван чиглэлээр хөөцөлдөж байна. НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагын шугамаар “Ковакс”  хөтөлбөрийн хүрээнд, манай улс 660 мянган хүнийг вакцинжуулна. ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн мэдээлснээр, ирэх оны эхний улиралд буюу 4 дүгээр сарын нэгнээс өмнө вакцины эхний ээлж ирнэ. Мөн Азийн болон барууны орнуудтай вакцины асуудлаар тусламж дэмжлэг авах яриа хэлэлцэээ хийж байна. Түүнчлэн, Европ, АНУ-ын бүртгүүлсэн 3 вакцин болон хөрш 2 орныхыг оруулаад 5 вакцин үйлдвэрлэгчтэй вакцин худалдан авах боломж, нөхцөлийн талаар ярьж байгаа. Сангийн сайд тухай бүрт нь танилцуулна. Төлөвлөгөөний дагуу голомтод ажиллаж байгаа, эрүүл мэнд, онцгой байдлын ажилчдыг эхлэн вакцинжуулна.


-Хөл хорионы дэглэмийн үед 15 чиглэлийн байгууллага ажиллахад автомашинаар яаж зорчих вэ?

Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн: Энэ удаа урьдын адил зөвшөөрсөн 15 чиглэлийн байгууллагаас бусад иргэдийн зорчих эрхийг хязгаарласан. Зөвшөөрсөн 15 чиглэлийн нийт 23 мянган QR кодыг бүртгэлжүүлсэн. Нэмээд гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлийн байгууллагад код олгоно. Мөн эрүүл ахуйн дэглэм мөрдсөн 800 такси хөдөлгөөнд оролцоно. Нийслэлд 411 мянган өрх байдгийн 205 280 нь автомашинтай. Нийтийн тээврийн үйлчилгээг явуулахаас өөр аргагүй. Нийтийн тээврээр 40-50 мянган орчим иргэнд үйлчлэх хүчин чадал бий. Нэг автобусанд 15-20 хүн тээвэрлэх боломжтой. 

Холбоотой мэдээ