Хустайн нурууны байгалийн цогцолборт газар

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-22 15:06:38

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумыг зорьж гадна, дотны жуулчдын заавал очиж үздэг газруудын нэг “Хустайн байгалийн цогцолборт газар юм. Улаанбаатар хотоос баруун тийш 70 орчим км-т оршдог.

Монгол Улсын Их Хурлын тогтоолоор 1993 онд Хустайн нурууг байгалийн нөөц газрын зэрэглэлээр анх улсын тусгай хамгаалалтад авч, 1998 онд зэрэглэлийн ахиулж байгалийн цогцолборт газар болсон түүхтэй. Харин 2002 онд ЮНЕСКО-гийн дэргэдэх Хүн ба шим мандалын хамгаалалттай газрын сүлжээнд бүртгэжээ.

Хустайн БЦГ-ын нутаг дэвсгэрийн 60% орчмыг нь уулын хээр, 30% гаруйг хуурай хээр, 4%-ийг ойт хээр эзэлдэг бөгөөд нуга, элс, цайдам зэрэг амьдрах орчны олон хэлбэр бий.

Мөн жилээс жилд тус цогцолборт газрыг зорих жуулчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2019 оны байдлаар 32 мянган жуулчин ирснээс 18 мянга нь гадаадын жуулчид байсан бол 14 мянга орчим нь дотоодын жуулчид байжээ.

Тус байгалийн цогцолборт газарт нутагшиж буй ховор амьтдаас сонирхуулахад:


 Тахь

Өдгөө манай дэлхийд үлдсэн цорын ганц зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах ажлыг 1992 онд эхлүүлж анхны 15 тахийг 1992 оны 6-р сарын 5-нд авчирсан байна. Түүнээс хойш хоёр жил тутам 18-20, нийтдээ 84 тахь авчирсан нь өсч үржсээр 2020 оны байдлаар 415 орчим толгойд хүрчээ. Ийнхүү Хустайн байгалийн цогцолборт газар  дэлхий дээрх хамгийн их тахьтай газар болсон байна.

Тахийн идэш тэжээлийн судалгаагаар 80 гаруй зүйлийн ургамал сонгож иддэг нь тогтоогдсон бөгөөд эдгээрийн дийлэнх хувь хээрийн зонхилогч - үетэн ургамлууд байна. Мөн улирлаас шалтгаалж дээрх тоо хэлбэлзэнэ. Тахь сэргээн нутагшуулалтын эхний жилүүдэд буюу 1999 оны судалгаагаар 66 зүйлийн ургамал сонгож иддэг байсан бол 2004 оны судалгаагаар 81 зүйл ургамал болж нэмэгджээ. Байгалийн бэлчээрээр онд ордог зэрлэг амьтны хувьд тэжээлийн нөөц баялаг байх тусам мэнд үлдэх, дасан зохицоход нэн тустай. 

Цагаан зээр -Procapra gutturosa

Цагаан зээр бол Төв Азийн унаган зүйл амьтдын нэг. 1940-өөд оноос хойш тоо толгой нь багасан, тархац нутгийн хэмжээ хумигдсан бөгөөд хамгийн сүүлд буюу 2010 оны судалгаанаас үзэхэд Монгол орон 1.1 сая орчим цагаан зээртэйг тогтоосон байна. Саяхныг хүртэл Хустайд цагаан зээр байгаагүй. Харин 1990-ээд оны дундуур Төв, Дундговь аймгийг дайрсан нүүдлээс үлдэж хоцорсон цөөн тооны цагаан зээр Хустай орчимд нутагшсан. Уг сүрэг өсөж үржин, тоо толгой нь сэлбэгдсэнээр өдгөө 200-500 орчим зээр тогтвортой байршиж байна. Хустай орчмын зээрийн тоо толгой улирал, жилээс хамааран ихээхэн хэлбэлздэг. Цагаан зээрийн сүрэг өвөл Туул гол хөлдмөгц урдаас хойш чиглэсэн нүүдлээр тоо толгой өсч, хавар гол гэсэхээс өмнө урагш нүүдэллэн тоо толгой нь цөөрдөг.

ХБНГУ-ын Шинжлэх ухаан, судалгааны яамны санхүүжилттэй “Нүүдэл, шилжилт хөдөлгөөний давтамж буурснаар Евразийн хээрт учирч буй аюул занал” төслийн хүрээнд Евразийн хээрийн бэлчээр, түүний байгалийн зүйл, цагаан зээрийн нүүдэл, шилжилт хөдөлгөөнд хэрхэн нөлөөлж буйг судлах зорилгоор ХБЦГ болон зүүн тийш Хэнтий, Дорнод аймгийн нутагт 30 цагаан зээр, ХБЦГ болон түүний орчны бүсийн нутгаас 12 цагаан зээр тус тус барьж сансрын долгион дамжуулагч зүүжээ.

Халиун буга - Cervus elaphus Linnaeus

1965 онд Хустайн нуруунд 1000 га-д 4 бодгаль ногдохоор 60 гаруй буга байв. 1994, 1995 онд тасралтгүй өссөөр 1996 онд 437 бодгальд хүрсэн нь эхний жилээс популяцийн хэмжээ даруй 8 дахин нэмэгдсэн байна. 2019 онд тус цогцолборт газрын хэмжээнд халиун бугын тоо толгой 1159 толгойд хүрсэн ба нэгж талбайд оногдох халиун бугын тоогоор Монголд тэргүүлдэг аж.

Хустайн БЦГ нь байгалиа хамгаалахын зэрэгцээ тоо толгой олширсон амьтдаасаа тодорхой тооны бодгалийг Монгол улсын бусад нутгуудад тархаан нутагшуулаад байгаагийн нэг нь бугын илий юм.

2000-аад оноос өдгөөг хүртэл жил бүр 10-40, нийт 340 орчим халиун бугын илийг “Амьтан асралт”, “Авралын эрэлд” байгаль орчны мэргэжлийн байгууллагуудтай хамтран барьж, Төв аймгийн Мөнгөнморьт, Говь-Алтай аймгийн Халиун сум, Улаанбаатар хотын Богд уул, Хөвсгөл, Орхон аймгийн нутагт шилжүүлэн нутагшуулаад байна. Энэ жил халиун бугын илий 10-ыг Орхон аймаг, 10-ыг Төв аймгийн Мөнгөнморьт, 20-ийг Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг, Хантайширын нуруунд нутагшуулаад байна

Сонирхуулахад ХБЦГ-ын орчны бүсэд эртний хүмүүсийн үлдээсэн түүх соёлын дурсгалт зүйлс олон байдаг. Тухайлбал, дөрвөлжин булш, томоохон хиргисүүрүүд, хөшөө чулуу, Түрэгийн хаант улсын үед хамаарагддаг хөшөө дурсгал, буган чулуу, хадны сүг зураг зэрэг түүх соёлын 400 гаруй дурсгалт зүйлс бүртгэгдсэн байдаг аж.

 

Холбоотой мэдээ