Д.Цэндсүрэн: Эсгий урлалаар дамжуулж хойч үедээ Монголынхоо уламжлалт биет бус өвийг өвлүүлж үлдээхийг зорьж явна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-12-28 13:26:30

Төв /МОНЦАМЭ/. Монгол ахуй, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх их үйлст бие сэтгэлээ зориулж, эсгий урлалыг хөгжүүлэн яваа Төв аймгийн Алтанбулаг сумын "Мөнгөн саваа" ТББ-ын  ахлагч Д.Цэндсүрэн­тэй ярилцлаа.


- Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Мөнгөн саваа” ТББ  анх үйл ажиллагаагаа хэрхэн эхэлж байсан  бэ?

- “Мөнгөн саваа” ТББ нь 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.  Үндэсний уламжлалт өв соёл болох гар урлал тэр дундаа эсгий урлалыг хадгалан авч үлдэх, түгээн дэлгэрүүлж таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээх зорилготойгоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анх 12 ажилтантай эхэлж байсан бол одоогийн байдлаар 6 ажилтантай. Өрхийн орлого бага, олон хүүхэдтэй эхчүүд ажилладаг. Бид анх бүлэг болж үйл ажиллагаа эхэлж байсан бол өдгөө Алтанбулаг суманд “Мөнгөн саваа” ТББ болж өргөжин үйл ажиллагаагаа явуулсаар байна.

-Таныг ширмэл ширдэг оёх сургалт явуулдаг, ажилчдаа сургаж авдаг гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлж яривал?

-Тийм ээ. Анх бүлэг байгуулаад, ажилчдаа сургалт хийж авсан. Одоо манай бүлэг маш сайн оёдолчин бүсгүйчүүдтэй. Миний хувьд 11 аймгийн 26 суманд эсгий оёх анхан шатны сургалтыг зохион байгуулж, сургагч багшаар ажилладаг. Жишээ нь Говь-Алтай, Увс, Дорнод, Сүхбаатар, Дундговь зэрэг олон аймаг бий. Нэг аймгийн 3-5 суманд сургалт хийдэг болохоор одоогоор 800 гаруй шавьтай болжээ. Мөн Алтанбулаг суманд ЕБС-ийн 8-9-р ангийн хүүхдүүдэд эсгий оёх, ширмэл ширдэг оёх дугуйлан хичээллүүлдэг. Тиймээс үе үеийн төлөөлөл болсон олон шавьтай. Сургалтаар дамжуулж хойч үедээ Монголынхоо уламжлалт биет бус өвийг өвлүүлж үлдээхийг зорьж явна даа.

-Таны хувьд анх ширмэл ширдэг оёхыг хэрхэн сурч байсан бэ?

-Миний эмээ, ээж ширмэл ширдэг оёдог байсан. Хамгийн анх долдугаар ангид байхдаа ээжээрээ заалгаж оёж байлаа. Тэр үеэс хойш л ширмэл ширдэг оёх дуртай болсон. Одоо бол ширмэл ширдгийн урлалыг үр хүүхэд, ач зээдээ өвлүүлэхийг хүсч "Мөнгөн саваа" бүлгээ байгуулж байсан минь амжилттай яваа. Учир нь би зургаан хүүхэдтэй. Үүнээс таван хүүхэд минь оёдог. Мөн ач, зээ нар минь ширмэл ширдэг урлаж байна.

-Танайд өлгөөтэй байгаа ширмэл ширдгээс гадна өөр олон төрлийн бүтээгдэхүүн харагдаж байна?

-Тийм шүү. Монгол эсгийг уламжлалт гар аргаар боловсруулан дан ширмэл ширдэг оёхоос гадна, орны аравч, суудлын олбог болон эсгийгээр бэлэг дурсгалын бүтээл хийж байгаа.

-Эсгий эдлэлийн онцлогоос дурдвал?

- Эсгий эдлэл эрүүл мэндэд сайн, чийг татахгүй, дуу чимээг намсгана, хөнгөн зөөлөн, дулаан, халуун хүйтнээ барьдаг. Жишээ нь машины суудлын олбог бол зун хөлөргөхгүй. Өвөл дулаахнаас гадна эрүүл мэндэд маш тустай. Ядаж бөөрний өвчин тусахгүй гэдэг. Иймээс эсгий эдлэлийн мөн чанар хүний эрүүл мэндэд ач тустай гэдгийг хүмүүс мэдэж таньдаг болсон санагддаг. Тиймдээ ч захиалга тасралтгүй ирдэг. Манайх бол захиалгын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.

-Танай бүтээгдэхүүний ялгарах зүйл юунд оршиж байна вэ?

-Эсгий бол байгалийн бүтээгдэхүүн. Би эсгийгээ байгалийнх нь өнгөөр хийдэг, янз бүрийн химийн будаг оруулдаггүй. Тиймээс хүний биед харшлах нөлөө үзүүлдэггүй учир бусдаас ялгарах нэгэн онцлог юм. Мөн ширмэл ширдгээ тэмээний ноосон утсаар оёдог. Учир нь тэмээний ноос тавлагдаж үлддэг бөгөөд оёо нь ханзардаггүй. Мөн тэмээний ноосон утас эсгийндээ ширэлдэж нягтарч өгдөг ба ширмэл ширдгээ битүү ширдэг учир үс гарахгүй чанартай бүтээл төрдөг. Харин үйлдвэрийн ороолттой утас хөвөрдөг. Хүмүүс тэр бүр энэ ялгааг анзаардаггүй учир хямдхан бүтээгдэхүүн авч байгаа анзаарагддаг.

-Танай хамт олон ширмэл ширдгийг хэр удаан хугацаанд урлаж гаргадаг вэ?

-Ширмэл ширдэг хэмжээнээсээ шалтгаалаад дуусах хугацаа хүртэл янз бүр байдаг. Манай хамт олны хувьд хамгийн урт хугацаанд урласан бүтээл бол төрийн хүндэтгэлийн өргөөг гоёх эсгий ширмэл ширдэг, сандлын олбог, өрх хаяавч байсан. Харин хамгийн богино хугацаанд урласан бүтээл бол Америкийн Ерөнхийлөгч Буш ирнэ гээд Засгийн газрын хүндэлтгэлийн өргөөний дэвсгэр оёх дөрөв хоногийн хугацаатай захиалга ирэхэд бид дөрвөн өдөр, шөнө сууж оёод хүлээлгэн өгч байлаа.Энэ бол хамгийн сайхан бүтээлүүдийн минь нэг. Ер нь бүтээгдэхүүнийг гар аргаар хийдэг учраас хугацаа их шаарддаг.

 

-Бүтээгдэхүүний хээ угалз, загвараа яаж гаргадаг вэ?

- Эсгий дээр оёх хээ угалзаа өөрөө гаргадаг. Ихэвчлэн уламжлалт ширдгийн хээг тавьдаг.  Дээр үеийн ширдэгний хээ шургуулган хээ байдаг. Харин хананд хадах, орны ард татах ширмэлийг шургуулган болон түмэн наст хээ тавьж өгдөг. Түмэн наст хээг ширмэл ширдэг хийхэд тавьж болохгүй. Эсгий хоорондын зай чухал, эсгий дээрээ зураг тавихдаа нэг зураас алдахад л хээ өөр харагддаг. Маш нарийн ажил.

-Ширмэл ширдэг оёход тулгардаг хэцүү зүйл бий юу?

-Хүнд ажил шүү дээ. Учир нь бүх зүйлийг гараар хийдэг. Яг эхэлж оёход яаж дуусна даа гэж боддог бол нэг мэдэхэд дууссан байдаг. Энэ нь хийж байгаа зүйлдээ дурлаж хийдэг болохоор л тэр болов уу гэж би хувьдаа боддог. Захилга бүр хугацаатай ирдэг учир хугацаандаа амжих гэж өдөржин, зарим үед шөнө суугаад дуусгана.

-Танай бүтээгдэхүүн үнийн хувьд зах зээлийн үнээс хэр ялгаатай вэ?

-Өдий олон жил ажиллахад бүтээгдэхүүний үнэ тогтсон хэвээр байгаа. Манайх 1 м2-ыг 230 төгрөгөөр үнэлдэг. Үнийн хэлбэлзэл гаргадаггүй учир хүмүүс ч их захиалах дуртай байдаг шүү. Бид бүтээгдэхүүний үнэдээ материалын үнэ, ажлын хөлс, урсгал зардал бүгдийг багтаасан. Мэдээж тогтсон үнээс гадна хүмүүстэй наймаа хийхэд уян хатан байдалтай байвал борлуулалт илүү байдаг даа.

-Бүтээгдэхүүний эсгийгээ хаанаас авдаг вэ?

-Жижиг эсгийг өөрсдөө гар аргаар болон мориор чирч хийдэг. Том бүтээлд Эрдэнэтийн  хивсний үйлдвэрийн угаагдсан ноосоор хийсэн цагаан эсгий авч хийдэг. Гараар хийж байгаа эсгийг чанга хийх тусмаа чанар сайн болдог. Харин үйлдвэрийн эсгий сайн ч бий, муу ч байдаг тул зарим эсгий сул, чанга гээд янз бүр байдаг шүү.

-Хамгийн анхны бүтээл юу хийж байв?

-Хамгийн анх олбог оёж байсан. 50x50 хэмжээтэй. Тэр бүтээлээ гадаадын жуулчинд бэлгэнд өгч байлаа. Би хийсэн бүтээлээ бэлгэнд өгөх их дуртай.

-Хүн бүрийн ширмэл ширдэг ширэх, оёх нь өөр өөр байх?

-Тийм шүү. Анх сурсан арга барил, тухайн хүний хатгах хатгалт зэргээс шалтгаалаад бүтээлүүд өөр өөрийн онцлогтой төрдөг. Миний хувьд Төв халхын хатгалтаар хатгадаг. Баруун аймгийн хатгалт бол цэгэн оёо буюу одчилж оёдог. Тэр нь холоос харахад шувууны мөр шиг цоохор харагддаг. Харин манай хатгалт хоорондын зай ойрхон учир шугам шиг харагддаг. Газар нутгаараа оёдлууд өөр өөр байдаг гэж хэлж болно.

-Үйл урлана гэдэг чамгүй их нөр хөдөлмөр шингэж байж бүтдэг. Мөн тэсвэр шаарддаг?

-Яг үнэн. Анх хийж эхлэхдээ бүтээлээ яаж, хаана, хэнд худалдахаа олохгүй хэцүү үе байсан. 2 жилийн хугацаанд хөлөө олж олонд танигддаг болтол шантрах үе цөөнгүй тулгарч байлаа.Харин хүмүүс манай бүтээгдэхүүнийг мэддэг болоод ирэхээр шантрах биш илүү их хичээх ёстой санагддаг. Ширмэл ширдэг оёдог хүмүүс хуруугаа эвэрштэл ажилладаг учир асар их тэвчээр шаарддаг. Зарим бүсгүйчүүд хэд хоноод хэцүүг нь гайхаад гарч байхад, байгуулагдсанаас хойш үйлээ мэтгэж суугаа хэд хэдэн бүсгүй байгаа. Тэсвэр хэрэгтэй. Залуучууд шантрах үе их бий. Зориод хийсэн ажлыг хаяж болохгүй .Эхний удаад бэрхшээл их гарна. Тэр бэрхшээл бүхнийг давж хүн амжилтад хүрдэг юм шүү гэж л залуусдаа захидаг.

-Эсгий урлалаас авч байгаа хамгийн том аз жаргал тань юу вэ?
-Эсгийгээр урласан зүйлийг нүдээр харахад энгийн л нэг бүтээл боловч дотоод ертөнцийг тольдон харахад амьд амьтдын шүтэлцээн, ахуй амьдралын салшгүй нэгэн хэсэг байдаг. Учир утгагүй нэг хатгалт гэж үгүй. Хүний сэтгэлийн чавхдасыг хөндөж, нандигнан хийдэг гайхамшигтай урлал. Мөн эсгий урлал сууж сурахаас авахуулаад тэвчээр хатуужил хайрладаг юм. Аливааг эхэлсэн бол дуусгаж сурах, хийсэн бол чанартай хийх, юм бүхэнд сэтгэл зүрхнээсээ хандах, хүний дотоод мөн чанарыг илүү тодотгож гаргаж ирдгээрээ онцлогтой. Тиймээс шавь нартаа байнга зөвлөдөг зөвөлгөө минь.

-Цаашдын зорилгоосоо хуваалцахгүй юу?

ндэсний өв соёл, уламжлал бэлгэдлийг агуулсан, өвөрмөц загвартай хүний эрүүл мэндэд ач тустай, ая тухтай орчныг бий болгохын тул эсгий урлалыг урласаар явна. Мэдээж эдийн засгийн боломжтой болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн, олон хүнийг ажлын байраар хангах чин хүсэлтэй. Хамгийн том зорилго минь ач зээ, шавь нартаа сургалтаараа дамжуулан Монголынхоо биет бус өвийг өвлүүлж үлдээхийг зорьж явна даа.

-Ярилцсанд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

 

 


Холбоотой мэдээ