Амьсгалын тогтолцооны өвчин 5 дахин буурчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-08 08:44:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд болон энэ оны эхээр амьсгалын замын өвчлөл 5 дахин буурсан үзүүлэлт гарчээ.


Энэ нь Нийгмийн эрүүл мэндийн интервенци буюу хөл хорио, гар угаах, амны хаалт зүүх, зай барих дэглэмийн үр дүн гэдгийг Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр танилцууллаа.


Амьсгалын тогтолцооны өвчин 10 мянган хүн ам тутамд 2017-2019 онд 55-66 хувь нь эмнэлэгт хэвтдэг байсан бол 2020 онд 12 хувь буюу 5 дахин буурсан байна. Уушгины хатгаагаар мөн хугацаанд 30-38 хувь нь эмнэлэгт хэвтдэг байсан бол, 2020 онд энэ үзүүлэлт ердөө 3 хувь болж, 10 дахин багассан байна. 


Түүнчлэн Засгийн газар, ЭМЯ-наас "COVID-19"-тэй зэрэгцэн томуу, томуу төст өвчин идэвхжихээс урьдчилан сэргийлэн 2020 онд томуугийн вакцинд 600 мянга орчим зорилтот бүлгийн иргэдийг хамруулсан нь ихээхэн үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.


Мөн тэрбээр, “Нийслэлд жил бүр дүүргийн эмнэлгүүд ачааллаа даахгүй, шалаараа ор дэлгэж өвчтөн хэвтүүлж байна гэж шүүмжлүүлдэг байсан. Үр дүнтэй аргууд хэрэгжүүлснээр амьсгалын замын тогтолцооны өвчлөл 5-10 дахин буурсан үр дүн байна. 2018 онд томуу, томуу төст өвчин 10 000 хүн ам тутамд 60-80 хүрдэг байсан бол одоо энэ түвшинд хүрээгүй, хүн амын дунд томуугийн вирусний  тархалт эхлээгүй байгаа нь хэрэгжүүлж буй ажлын  үр дүн, нөгөө талаас иргэд хариуцлагатай байгаагийн нэг илрэл юм. Иргэд энэ байдлаараа хариуцлагатай байвал “COVID-19” халдвараас сэргийлэх боломжтой" гэдгийг тодотгов.

 

Холбоотой мэдээ