ЮНЕСКО-д дархлагдсан Тосон Хулстай

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-10 15:48:32

Дорнод /МОНЦАМЭ/. Цагаан зээр үгүй бол Дорнод Монголын хээр тал эзэнгүй хоосон нутаг болно гэх нь ч бий. Ерөөс байгальд илүү зүйл үгүй гэдгийг энэ үгс илэрхийлэх мэт. Амьд амьтдын хөдөлгөөнөөр ургамал цэцэгсийн үр газарт унаж, хөрсөнд булагдаж, ургаж, бас хагдарч мөнхийн эргэлтэд оршдогийг харж, мэдэрч болохуйц газар бол Тосон Хулстай. Энэ нутагт түгээмэл тархацтай 40 гаруй овогт хамаарах 209 зүйл ургамал бүртгэгдсэнээс навчит харгана, сибир хялгана, шивээт хялгана, эрвээн, хазаар, монгол хунчир, нягт сонгино зэрэг "содон нэрт"-нүүд зонхилж ургадаг гэж судалгааны бүтээлүүд дээр тэмдэглэжээ. Өвөл, зуны алинд ч ирсэн байгалийн хосгүй дүр зураг нүд булаах нь сайхан. Дэлхийд тэр дундаа Монголд олон тоогоор сүрэглэн амьдардаг, хуурай хээрийн экосистемийг хадгалахад нэн чухал үүрэгтэй амьтан бол цагаан зээр юм. Магадгүй цагаан зээр нутаглах сүүлчийн боломжит газар нь Тосон Хулстай ч юм билүү гэж эрхгүй бодогдох.

Нэгэн үе отрын олон малын хөлд талхлагдаж, хадлан бэлтгэлийн гол цэг болчихоод байсан энэ газрыг аймаг орон нутгаас хамгаалалтад авснаар өвөлдөө ажин түжин, зундаа усны шувууд ганганалдан, өвс ногоо халиуран тал нутгийн нэгэн үзэсгэлэнг гайхуулах болжээ. Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газарт энэ салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүд удаан хугацаанд судалгаа явуулсны үр дүнд өнгөрсөн намар ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлж чадсан нь угтаа Тосон Хулстайг Монголд төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг хэмээн хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм. Ийнхүү ЮНЕСКО-д бүртгэгдсэнээр энэ бүс нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрдэж байна.

Дорнод аймгийн удирдлага Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг хамгаалах чиглэлд онцгой анхаарч, хадлан бэлтгэл, отрын мал орж ирэхийг бүрэн хориглоод зогсохгүй Орон нутгийн тусгай хамгаалалтын газрын захиргааг өнгөрсөн онд байгуулсан юм. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд улсын тусгай хамгаалалттай газар нутгийг дархан цаазат, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, байгалийн дурсгалт хэмээн дөрөв ангилснаас орон нутагт сүүлийн хоёр заалтыг хамааруулахаар тусгажээ. Гэсэн ч шаардагдах төсөв, зардал мөнгийг анхнаасаа бүрхэг үлдээснээр хууль зөвхөн цаасан дээр хэрэгжиж, байгалийн нөөц газрууд энэ мэтчилэн анхаарлын гадна орхигдож ирсэн гэхэд болно. Харин Дорнод аймгийн төсвийн орлого сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа учир энэ чиглэлд тодорхой хөрөнгө зардал тусгаж, орон нутгийн өмчит үйлдвэрийн газар байгуулан хамгаалалтын захиргаа хэлбэрээр үйл ажиллагааг нь эхлүүлээд байгаа аж. 

Тосон Хулстай орчимд зургадугаар сарын сүүлчээр газар давалгаалж буй мэт цагаан зээрийн сүрэг хөндий талыг бүрхэж, хур борооны усаар тэжээгддэг нуур тойрмуудад усны шувууд буудаллан саатдаг. Шилийн сар, цэн тогоруу, ангир, хошуу галуу, шонхор, хээрийн бүргэд гээд 139 зүйл шувуу тархсан гэж үздэг байна.  Тиймээс ч ан амьтан ажиглах хүсэлтэй гаднын жуулчдыг нааш хөтөлдөг болсоор багагүй хугацаа өнгөрч байна.. Зам харгуй нь бартаа саад багатай учраас жилийн аль ч улиралд зорчиход саадгүй тул аялал жуулчлалыг зохистой хэмжээнд хөгжүүлэхэд тун зохицсон гэмээр.

Энэ өвөл ойрын жилд хүйтрээгүйгээрээ их хүйтэрч байгаа ч Тосон Хулстайд өнтэй байна. Армаг тармаг цастай, сэр сэр салхитай шар талд хаа нэг зээрийн сүрэг таарах аж. Олон жилийн турш энэ нутагтаа өвөлжиж дассан цөөн хэдэн малчин айлаас бусдаар Тосон Хулстайд ажин түжин өвөл айлчилжээ. 

Холбоотой мэдээ