БНАСАУ цөмийн зэвсгийнхээ тусгалыг нэмэгдүүлэхийг зорьж байна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-09 11:11:19

ПЁНЬЯН. /KCNA/. Цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай пуужингийнхаа тусгалыг 15 мянган км-т хүргэж нэмэгдүүлэхийг зорьж буйгаа БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун Хөдөлмөрийн намын наймдугаар их хурлын үеэр мэдэгджээ. 

Энэ тухай Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлэв. 

Дайсны байд оновчтой цохилт өгөх чадвартай хослуулан тусгалын радиусыг нэмэгдүүлнэ гэдгийг Ким Жөн Ун мөн онцоллоо.

Түүнчлэн БНАСАУ 500 км хүртэлх зайд тагнуулын нислэг үйлдэх чадвартай нисгэгчгүй нисдэг аппаратуудыг хөгжүүлэхийг зорьж байна. Мөн цэргийн хиймэл дагуулыг тагнуулын зорилгоор ашиглана гэдгийг Ким Жөн Ун цохон тэмдэглэв.  

Пёньян цөмийн зэвсгээ үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой хэмээн Төрийн Зөвлөлийн дарга онцлон тэмдэглэхийн сацуу дуунаас үлэмж хурдан зэвсгийн хөтөлбөрөө үргэлжлүүлж, цөмийн шумбагч онгоц бүтээгээд байгаагаа мэдэгдсэн байна. 

АНУ, БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх яриа хэлэлцээ мухардлаас гарахгүй бол Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байдены засгийн эрхэнд гарсан эхний саруудад БНАСАУ тив дамнасан баллистик пуужингуудын туршилтууд явуулж магадгүй тухай өмнө нь БНСУ-ын “Asan” Улс төрийн судалгааны хүрээлэнгийн илтгэлд дурджээ.

Холбоотой мэдээ