Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбар ОХУ-д бүртгэгджээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-11 09:15:29

МОСКВА. /RIA Novosti/. Их Британид илэрсэн коронавирусний шинэ хувилбар ОХУ-д бүртгэгдсэн тухай Роспотребнадзор буюу тус улсын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Анна Попова мэдээлжээ.


Вирусний шинэ хувилбар Их Британиас буцаж ирсэн оросуудад хийсэн шинжилгээгээр нэг хүнд илэрсэн байна. Шинэ хувилбар илэрсэн хүний биеийн байдал сайн байгаа бөгөөд одоо халдваргүй болсон гэж Попова мэдэгджээ. Түүний хэлснээр, шинэ хувилбараар халдварласан тохиолдол ОХУ-д өнгөрсөн оны сүүлчээр бүртгэгдсэн байна.


“SARS-CoV-2” вирусний шинэ хувилбарыг Их Британид 12 дугаар сарын дундуур илрүүлсэн билээ. Бусад хувилбараасаа илүү хурдан халдварладаг болохыг мэргэжилтнүүд тогтоогоод байгаа боловч илүү хүндээр өвчлүүлдэг гэх нотолгоо байхгүй байгаа юм.


Цар тахал дэгдсэнээс ОХУ-д коронавирусний халдварын 3 401 954 тохиолдол илэрч, 2 778 889 хүн эдгэрсэн бол 61 837 өвчтөн нас баржээ. 


 

Холбоотой мэдээ