Зочид буудлын үйлчилгээ эрхлэгчид шаардлагатай тохиолдолд хамтарч ажиллахаа илэрхийлэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2021-01-11 20:36:42

Дорнод /МОНЦАМЭ/. Өнөөдөр аймгийн Онцгой комиссын гишүүд зочид буудлын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзалт хийж санал бодлоо солилцлоо. Тэд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд зочид буудлуудыг тусгаарлах байрны зориулалтаар ашиглуулахад татгалзах зүйлгүй, хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлэв. 

Хэрвээ эрсдэл учирвал зочид буудлууд ажиллах хүч, нэг удаагийн хоолны хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис зэрэг материалын нөөцөө бүрдүүлж, өрөө тасалгааны бэлэн байдал хангахыг аймгийн Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газраас анхааруулсан байна. Улаанбаатар хотод өдрөөс өдөрт халдварын тоо нэмэгдэж байгаа учир аймгийн Онцгой комисс болон мэргэжлийн байгууллагууд халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх талын арга хэмжээг хэрэгжүүлж, бэлэн байдлыг хангаж байгаагаа дуулгасан.

Одоогийн байдлаар Дорнод аймагт уул уурхайн компанид ээлж солихоор ирсэн ажилчдыг зочид буудалд долоо хоног тусгаарлаж байгаа юм.


Холбоотой мэдээ