Монгол оронд 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болжээ

Монголын мэдээ | Нийгэм
sodonizm@gmail.com
2021-01-12 12:56:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урагш 30 км орчимд Улаанбаатарын цагаар өнөө өглөө 5.32 цагт 6,5 магнитуд буюу 8 баллын хүчтэй газар хөдөллөө.

Тодруулбал, Улаанбаатараас 660 км газарт 5.42 цагт 5,1 магнитуд, 5.47 цагт 4,6 магнитуд, 6 цаг 02 минутад  5,3 магнитуд, 7 цаг 02 минутад  5,6 магнитуд, нийлбэр дүнгээр 6 удаа хүчтэй газар хөдөлсөн байна. Голомтдоо тодорхой хэмжээний чичиргээ мэдрэгдэж байгааг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлж буй талаар Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.

Сүүлийн үед газар хөдлөх чичирхийллийн тоо давтамж нэмэгдсэн бөгөөд 10 жилийн өмнөхөөс 10 дахин ихэссэн тухай дүн мэдээ гарчээ. Өөрөөр хэлбэл, Монгол орны нутгийн дэвсгэрт 2020 онд  нийт 44 462 мянган  газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Энэ нь газар хөдлөлтийг хэмжих багажид 0-ээс эхлээд мэдрэгдсэн бүх дүн мэдээ аж. 

Жишээлбэл, 3-3,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 143 удаа, 4-4,9 магнитудынх 38 удаа, 5-5,9 магнитудын хүчтэй газар хөдлөлт таван удаа болсон байна.

Байгалийн энэхүү үзэгдэл уулархаг бүс нутаг болон, нутгийн баруун, хойд хэсэгт ихэвчлэн тохиолджээ.


Өмнө нь дэлхий дээр болж байсан хүчтэй газар хөдлөлтөөс Монгол Улсад 2 тохиолдол нь бүртгэгдэж байжээ.

Төвөөсөө 100 км тутамд нэг баллаар хүч нь суларч мэдрэгддэг бөгөөд энэ удаагийнх Улаанбаатар хотод ч мэдрэгдсэн байна. Одоогоор, тус газар хөдлөлттэй холбоотой хохирлын мэдээ гараагүй байна.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн яг төвдөө багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг байна.

Холбоотой мэдээ