Их Британи Хятадтай эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаагаа хязгаарлана

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-13 11:38:41

ЛОНДОН. /TASS/. Хятадын эрх баригчид уйгурчуудын эрхийг зөрчиж байна хэмээн Их Британи үзэж байгаа бөгөөд Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой эрхэлдэг бизнесийн үйл ажиллагаагаа хязгаарлахаа мэдэгджээ.


Энэ тухай Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдэгдэв.  


“Бид Хятадтай үр дүнтэй харилцаатай байж, үүнийхээ төлөө уйгагүй ажиллахыг хүсэж байгаа хэдий ч улс орныхоо үнэт зүйлс, аюулгүй байдлыг золиослохгүй. Бид зөв гэж бодсон зүйлээ ярьж, хэлсэн ярьснаа хэрэгжүүлэх болно. Бид хүний эрхийг зөрчиж болохгүй гэдгийг тод харуулах, Их Британийн бизнес эрхлэгчид, төрийн байгууллагуудыг иймэрхүү хэрэг зөрчилд орооцолдохоос хамгаалах шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Цогц арга хэмжээ авснаар уйгурчууд, Шинжаан дахь үндэстний цөөнхүүдийн эрх зөрчигдөж буйг мэдсэн хэрнээ зориуд болон санамсаргүйгээр ашиг хонжоо олох боломжийг Их Британийн төрийн болон хувийн байгууллагуудад олгохгүй юм” хэмээн тэрбээр ярьжээ.


Хятадад чиглэсэн арга хэмжээ авах тухайгаа Канадын Засгийн газар мөн ойрын өдрүүдэд зарлах ёстой хэмээн Рааб мэдэгдэв. Нөхцөл байдалтай холбогдуулан Хятадын эсрэг цаашид арга хэмжээ авах боломжийг Австрали, Герман, Шинэ Зеланд, АНУ болон Франц хэлэлцэж байгаа аж.  

 

Холбоотой мэдээ