Уул уурхайн ээлж солилцох ажилтны PCR шинжилгээг энэ сарын 16-наас эхлүүлнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-15 13:14:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн ажилчдын ээлж солих зохион байгуулалтын хүрээнд ажилчдаас авах PCR шинжилгээг энэ сарын 16-наас эхлүүлэхээр боллоо.


Гамшгаас хамгаалах уул уурхай, хүнд үйлдвэрийн улсын албаны Шуурхай штабаас Нийслэлийн эрүүл мэндийн газрын шинжилгээ авах цэгүүдэд аж ахуйн нэгжүүдийг хуваарилж байна.


Шинжилгээ өгөх хуваарийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны вэб сайтын “Мэдээ мэдээлэл” цонхны “Шуурхай штаб мэдээлэл”  хэсэгт энэ сарын 14-нд байршуулсан бөгөөд аж ахуйн нэгжүүд орон нутгаас ирж шинжилгээнд хамрагдан, ээлжинд гарах ажилчдаа Улаанбаатарт ирүүлнэ.


Үүний тулд аймгуудын Онцгой комиссын цахим хаягаар тухайн орон нутгаас ирэх ажилчдынхаа мэдээлэл бүхий аж ахуйн нэгжийн албан хүсэлт  хүргүүлж өөрийн ажилчныг тодорхойлж өгөх шаардлагатай.   


Мөн ээлжээс бууж, орон нутаг руу явах ажилчдыг халдварын голомтот Улаанбаатар хот руу оруулахгүйгээр очих газар нь тээвэрлэхэд анхаарч, тухайн орон нутгийн Онцгой комисстой хамтран ажиллах юм байна.

Холбоотой мэдээ