Ц.Туваан: АН-ын Үндсэн дүрмийн алдааг засаж Улсын дээд шүүхэд дахин хүсэлт өгнө

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-15 14:21:52
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндсэн дүрмийн алдааг засаж Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин өгнө хэмээн тус намын Хэрэг эрхлэх газраас өнөөдөр мэдээлэв.


Ноднин 12 дугаар сард болсон Ардчилсан намын X их хурал хурлаар АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Улмаар Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээр хүргүүлсэн юм. Гэвч Улсын дээд шүүх өчигдөр хуралдаж, Үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтөд тодорхойгүй зүйл заалт орсон гэж үзээд бүртгэж аваагүй талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан мэдээллийн эхэнд тодотгов. Тэрбээр, "АН-ын X хурал бол хүчин төгөлдөр болсон. Улсын дээд шүүхээс гарсан шийдвэр цаасаар ирсний дараа шаардлагатай материалыг бүрдүүлж дахин бүртгүүлэх хүсэлт өгнө. Миний бие АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа" хэмээв.


Тэрээр хэлэхдээ, "Намын дүрмийн дагуу өмнөх дарга хариуцлагаа хүлээсэн. Ингэснээр намын даргын үүрэг гүйцэтгэгчээр миний бие томилогдсон, дараагийн даргад тамга, тэмдгээ хүлээлгэн өгнө" гэлээ. Мөн АН хоёр хуваагдаж хагарсан гэх харлуулах ажил өрнөж байгааг тэмдэглээд, "АН 200 мянган гишүүнтэй, тэдний дэмжлэгээр шударга ёсны тэмцэл үргэлжилнэ" гэв.


Мэдээллийн үеэр Нийслэлийн АН-ын дарга Б.Пүрэвдаваа, аймаг, нийслэл, дүүргийн АН дотроо хуваагдсан асуудал байхгүйг албан ёсоор мэдэгдэв.

Холбоотой мэдээ