Л.Мөнхтүшиг: БНСУ-д нас барсан иргэн өнөөдрийн нислэгт бүртгүүлээгүй

Монголын мэдээ | ГХЯ-ны мэдээ
ariunbold@montsame.mn
2021-01-15 17:00:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д Монгол Улсын 26 настай иргэн нас барсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг албан ёсоор тайлбар өглөө.


Тэрбээр, "БНСУ-ын Сөүл хотод нас барсан иргэн нь өнөөдөр орой 19.00 цагт ирэх хуваарьтай Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирэх байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан нь ташаа мэдээлэл" гэдгийг онцлов.


Мөн “Гадаадад манай улсын иргэн нас барсан тухай мэдээллийг бид авсан даруйдаа ар гэрт нь мэдэгдэж, шаардлагатай туслалцаа үзүүлдэг. Тухайн иргэний ар гэрийн хүсэлт, хувь хүний нууцыг хүндлэх үүднээс олон нийтэд энэ төрлийн мэдээллийг гаргаад байдаггүй. Олон нийтийн сүлжээгээр гараад байгаа мэдээллийн хувьд, БНСУ-ын Сөүл хотын Жунран дүүргийн Цагдаагийн газраас Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн эрэгтэй нас барсан тухай мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. Элчин сайдын яамнаас уг иргэний ар гэртэй холбоотой байгаа" гэв.


 БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4843 иргэн Элчин сайдын яаманд өргөдлөө гаргаад байгаа аж. Нас барсан иргэний хувьд нутаг буцах хүсэлтээ өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан байжээ.

Холбоотой мэдээ