Газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын шав тавих ёслол боллоо

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-01-15 17:23:04

Дорноговь /МОНЦАМЭ/. Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барихаар төлөвлөсөн газрын тос боловсруулах үйлдвэрийн талбайн дэд бүтцийн ажлын шав тавих ёслол тус сумын нутагт өнөөдөр боллоо.

Газрын тосны үйлдвэр барих ажил 2018 оноос эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дэд бүтцийн ажлууд болох Сайншанд өртөөнөөс үйлдвэрийн байршил хүртэлх 27 км төмөр зам, 17 км хүнд даацын авто зам, эрчим хүчний агаарын шугамыг барьж дуусгаад байна.

Эдүгээ үйлдвэрийн дараагийн ажил болох ган хоолойгоор цэвэр усны нөөц татах, үйлдвэрийн доторх зам, галын барилга, агуулах сав зэрэг барилга байгууламжийг барих ажил ийн эхэлж буй.

Уг төсөл БНЭУ-ын Засгийн газрын 1,2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж байна. Орон нутгаас газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг тогтвортой хэрэгжүүлэх, төсөл хэрэгжүүлэгч талтай хамтран ажиллах, орон нутгийн бизнес эрхлэгчид, аж ахуй нэгжүүдийг дэмжиж ажиллах зорилгоор “Говь консалтинг менежмент” ОНӨААТҮГ-ыг аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар  байгуулжээ.

 

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал: Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутаг бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна

 

Дорноговь аймагт барих газрын тосны үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, үйлдвэрийн талбайн дэд бүтцийн бэлтгэл ажил хийх ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Project India” компанийн төлөөлөгчдийг бид нэгдүгээр сарын 04-нд хүлээн авч уулзсан.

Өнөөдөр үйлдвэрийн барилга байгууламжийн шав тавих ёслол боллоо. Засгийн газраас хэрэгжүүлж буй томоохон төслийг амжилттай хэрэгжүүлэхэд орон нутгаас бүх нөөц бололцоог дайчлан ажиллаж байна. Төслийн хүрээнд зам барилга угсралт, үйлдвэрлэл зэрэг олон ажил өрнөнө.

Тиймээс бид  төслийн нэгжийнхэнтэй хамтран ажиллах, орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэднийг холбох, бүтээн байгуулалтад оролцуулах, шинэ техник технологид суралцуулах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх зорилгоор орон нутгийн өмчит компанийг байгууллаа.

Энэ бүтээн байгуулалт үндэсний хэмжээний төсөл учир манай улсын томоохон компаниуд ч төслийн үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах  талаар санал санаачилга гаргаж байгаа юм гэв.

 

“JMC Project India” компанийн дэд ерөнхийлөгч Пари кришнасвами:Төслийн ажлыг чанартай хийж гүйцэтгэнэ 

 


Өнөөдөр Энэтхэг - Монгол Улс хоорондын харилцаанд түүхэн өдөр тохиож байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхэд идэвх санаачилга гаргаж байгаа Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Элчин сайдын яам, УИХ-ын гишүүд, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, Дорноговь аймгийн ЗДТГ болон бусад хүмүүст талархал илэрхийлье. Бид төлөвлөгөөний дагуу өнгөрсөн оны 10 дугаар сард Дорноговь аймагт ирэх  ёстой байлаа.

Гэвч дэлхий нийтэд тархаад байгаа “Ковид-19” цар тахлын хөл хориотой холбогдуулан ажил маань хойшилсон. Өнөөдөр Дорноговь аймагт ирж  газрын тосны үйлдвэр барих газрынхаа шав тавих ёслолд оролцож байгаадаа баяртай байна.

Одоогийн байдлаар БНЭУ-аас 14 инженер, техникийн ажилтнууд ирсэн. Цаашдаа 45 инженер, техникийн ажилтан нэмэгдэж ирнэ. Төслийн хүрээнд 12 барилга байгууламж болон далангийн ажил, 80 км зам зэрэг ажлыг 26 сарын дотор чанартай хийж гүйцэтгэнэ гэв.

Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулснаар гадаадаас авах шатахууны импортыг багасгаж, дотоодод олборлож байгаа газрын тосыг эх орондоо боловсруулах төдийгүй улсын нийт хэрэгцээний 70 хувийг дотооддоо хангах боломж бүрдэнэ гэж албаныхан энэ үеэр онцолсон юм.

Мөн үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дагаад орон нутагт шинээр ажлын байр бий болох, улсын болон бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх ач холбогдолтой аж.

Засгийн газар эл төслийг 2024 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.Төслийн гүйцэтгэгч “JMC Project India” компани нь 1982 онд байгуулагдсан дэд бүтэц, эрчим хүч, аж үйлдвэр, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн олон оронд нийт 50 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Ёслолын үйл ажиллагаанд Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Б.Ганзориг, Засаг дарга О.Батжаргал, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг, төслийн гүйцэтгэгчээр шалгарсан БНЭУ-ын “JMC Projects India” компанийн удирдлагууд  болон бусад инженер, техникийн ажилтнууд оролцлоо.




  

Холбоотой мэдээ