Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 5023 хүнээс шинжилгээ авчээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-15 20:12:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хороо, Баянзүрх 17-р хороонд “COVID-19” халдвар голомтлон гарсантай холбогдуулан 2021 оны нэгдүгээр сарын 14-16-ны хооронд дээрх нутаг дэвсгэрт зорчих хөдөлгөөнд хязгаарлалт хийж, коронавируст халдварыг тандах, илрүүлэх шинжилгээг зохион байгуулж байна.

 

Баянгол дүүргийн 4-р хороонд өчигдөр нийт 5023 хүнээс шинжилгээний сорьц авчээ. Харин өнөөдрийн 18.00 цагийн байдлаар 4000 хүний шинжилгээний хариу гарсан нь бүгд сөрөг гарсан байна.

Тус дүүрэгт эрүүл мэндийн байгууллагын 155 ажилтан, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 123 албан хаагч ажиллажээ.

Баянзүрх дүүргийн 17-р хороонд 2021 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 2497 хүнээс шинжилгээний сорьц авсан бол, өнөөдрийн 17:00 цагийн байдлаар 2020 хүн нэмж шинжилгээнд хамрагдаад байна.

Үүнд, эрүүл мэндийн байгууллагын 129, мөн цагдаа, онцгой байдал болон ДЗДТГ-ын нийт 350 албан хаагч ажиллаж байна.

Халдварыг тандах, илрүүлэх шинжилгээний хариу бүрэн гарсны дараа голомтын халдваргүйтгэл хийж, зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг цуцлах юм.

Холбоотой мэдээ