БХЯ-ны харьяа байгууллагууд болон Цэргийн төв эмнэлэгтэй цахим хурал хийв

Монголын мэдээ | Нийгэм
dusem11@yahoo.com
2021-01-16 13:05:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар тэргүүтэй албаныхан ЗХЖШ-ын  Эрүүл мэндийн хэлтэс, “Бага баян” энхийн төлөө цогцолбор төвийн цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааных нь талаар мэдээлэл солилцож, Цэргийн төв эмнэлэгтэй цахим хурал хийсэн байна.


Цэргийн төв эмнэлгийн дарга, хурандаа С.Батболд: “Улсын онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 2 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 70 удаа нийт 1582 иргэнийг тусгаарлалтад байрлууллаа. Эмнэлэгт 342 эмч, сувилагч 70-72 хүний бүрэлдэхүүнтэй, дөрвөн ээлжээр ажиллаж байна. Сэлэнгэ, Дархан, Архангай аймаг, Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн голомтуудаас “COVID-19”-ийн халдвар авсан 515 өвчтөнг хүлээн авч, 368 хүнийг нь эдгээгээд байна” гэсэн юм.


ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Оюунцэцэг: “Хэлтсээс Зэвсэгт хүчний бүх анги, нэтгэлүүдэд “COVID-19”-ийн үед ажиллах заавар, зөвлөмжийг хүргүүлж, хэрэгжилтийг ханган ажилласан. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудын урьдчилан сэргийлэлт, ариутгал, халдваргүйтгэлд онцгой анхаарч ажиллаж байна. Анги, нэгтгэлүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудад цар тахлын үед ажиллах сургалт зохион байгуулсан. Цар тахал дэгдсэн тохиолдолд ашиглах ариутгал, халдваргүйтгэлийн хэрэгслийн 21 хоногийн нөөцийг бүрдүүлсэн” гэв.


ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Д.Дугаррагчаа: “ЗХЖШ-т Удирдлагын шуурхай бүлэг ажиллаж байна. Орон нутагт Зэвсэгт хүчний 18 ангийн 266 цэргийн алба хаагч явган эргүүл болон шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэлээ. Анги, салбаруудтай байнгын холбоотой ажиллаж байна” хэмээн мэдээллээ.


“Багабаян” энхийн төлөө цогцолбор төвийн дарга Б.Ганбаатар: “Амралтын байрыг бүхэлд нь тусгаарлалтын байдлаар тоноглож, 2020 оны 3 дугаар сараас эхлэн нийт 1400 хүнийг тусгаарлалтад байрлуулаад байна. Мөн эх орондоо ирж байгаа энхийг сахиулагчдыг хүлээн авч, одоогийн байдлаар Афганистан улсаас гурван ээлжээр ирж байгаа цэргийн алба хаагчдыг тусгаарлаад байна” гэсэн юм.


Төгсөлд нь Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар үүрэг чиглэл өглөө. Тэрбээр “УОК-оос ирэх 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл өндөржүүлсэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Иймд бид сонор сэрэмжээ алдаж болохгүй. Анги, байгууллагын удирдлагууд сахилга, хариуцлагад онцгой анхаарч, хяналт тавьж ажилла. ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтэс цар тахлын үеийн бэлэн байдалд анхаарч, хугацаат цэргийн алба хаагчидтай ангиудад тавьж байгаа шаардлагад хяналт тавь. Цэргийн төв эмнэлгийн хувьд эмч, сувилагчдаа халдвар авах эрсдэлээс хамгаал. Цаашдаа Цэргийн төв эмнэлэгтэй улаан шугамд ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудтай цахим хурал хийж болох эсэх талаар судлаарай” гэв.

Холбоотой мэдээ