Цаначид Цагаан олимпын эрхийн төлөө Европыг зорив

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-01-16 14:22:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бээжин-2022” өвлийн олимпын эрхийн төлөө өрсөлдөх Монголын цанын шигшээ баг дасгалжуулагч, ОУХМ Б.Энх-Амгалангийн удирдлагаар Финланд улсыг зорив.


Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдээс Батмөнхийн Ачбадрах , Дашдондогийн Мөнхгэрэл, Отгонлхагваын Золбаяр, Баярсайханы Ганбаяр, эмэгтэйчүүдээс Ариунсанаагийн Энхтуул, Барснямын Номин-Эрдэнэ, Болорцэцэгийн Номуунаа  нар багтжээ. Тэд эхлээд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо /FIS/-ны олимпын оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа хоёрдугаар сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно гэж Монголын үндэсний олимпын хорооноос мэдээллээ.


Монголын гүйлтийн цаначид “Инсбрук-1962” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа “Инсбрук-1964” олимпын наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд Ерөнхийлөгчөөр Р.Хатан, Ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм.


Ташрамд дурдахад, Монголын цанын шигшээ багийн 3 тамирчин Олон улсын олимпын хорооны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Холбоотой мэдээ