Эмээлт орчимд хийсэн уул уурхайн тэсэлгээ ард иргэдэд мэдрэгджээ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2021-01-17 14:50:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Эмээлт орчимд өнөөдөр 13.00 цагийн үед чичирхийлэл мэдрэгджээ.


Энэ тухай Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан М.Долгормаагаас тодрууллаа. Тэрбээр, "Энэ нь газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээнээс үүдсэн чичирхийлэл юм. Өөрөөр хэлбэл, Эмээлт орчимд өнөөдөр 13.00 цагт 1.4 магнитудын газар хөдлөлт биш уул уурхайн тэсэлгээ бүртгэгдсэн. Ер нь, 3.5 магнитудаас дээш чичирхийлэл хүн болон амьтанд мэдрэгддэг. Энэ удаа хот суурин газартай ойрхон тэсэлгээ хийсэн учир хүмүүст мэдрэгдсэн" гэж хариуллаа.  


Уг тэсэлгээг “Их оч” ХХК Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажлын хүрээнд, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, “Ард капитал” ХХК-ийн захиалгаар хийжээ. Сонгино хайрхан дүүргийн 32-р хороонд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор замын трастын дагуу хийсэн энэхүү тэсэлгээ нь хууль, дүрэм журам зөрчөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж байж гүйцэтгэсэн байна.

Ташрамд мэдээлэхэд, 2021 оны 1 дүгээр сарын 12-ны 05 цаг 32 минут 56 секундэд Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6,5 магнитудын газар хөдлөлт болсноос хойш түүний давталтууд олон тоогоор бүртгэгдэж байгаа аж. Түүнчлэн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн  "Монгол орны хүчтэй газар хөдлөлт" пэйж хуудсаар асуумж бөглөхийг мэргэжилтнүүд зөвлөлөө. 


Холбоотой мэдээ