Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2021-01-17 15:01:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна.


2021 оны 1 дүгээр сарын 19-23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 19-нд Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орж, явган шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс, Халх голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

 


Холбоотой мэдээ