“Pfizer” нийлүүлэлтээ бууруулсан ч Итали вакцинжуулалтын хоёр дахь үе шатыг эхлүүлжээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-01-18 11:09:45

РОМ. /TASS/. Америкийн “Pfizer” компани Германы “BioNThech” компанитай хамтран гарган авсан вакциныхаа нийлүүлэлтийг дангаар бууруулж байгаагаа мэдэгдсэн хэдий ч Италид коронавирусний вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст вакцины хоёр дахь тунг тарьж эхэлжээ. Энэ тухай цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан тус улсын онцгой комиссар Доменика Аркуригийн мэдээлсэн байна. 


“Ирэх долоо хоногт бид 562770 тунгийн оронд 397800 тунг хүлээж авахаар болж байна” гэж тэрбээр хэлжээ. Түүний хэлснээр, Италийн 20 бүс нутгийн зургаад нь вакцин нийлүүлэх төлөвлөгөө өөрчлөгдөхгүй байна. "Эрх бүхий байгууллагуудад цаг тухайд нь мэдэгдээгүй", "тунг жигд бус хуваарилахад" хүргэж байна гэж Италийн баригчид “Pfizer” компанийг шүүмжилжээ.


Pfizer/BioNThech-ээс гадна Италид “Moderna” компани вакцинаа нийлүүлж эхэлсэн боловч мэргэжилтнүүд вакцины хоёр дахь тунг эхний тунтай ижил хэмжээгээр нийлүүлэхийг шаардаж байгаа аж.


Одоогийн байдлаар Италид 1 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ. Тус улс иргэдээ вакцинжуулах ажлын хурдцаар ЕХ-ны орнуудын дунд нэгдүгээрт орж байгаа юм. Зарим бүс нутагт асрамжийн газрын эмч, өвчтөнүүдэд вакцин хийсний дараа эрх баригчдын тогтоосон дарааллын дагуу 80-аас дээш настай хүмүүсийг вакцинжуулж эхэлжээ.


Холбоотой мэдээ