Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 14.0 их наяд төгрөг болжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-18 11:16:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 9.4 их наяд төгрөг байна.


Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 90.6 хувийг эзэлж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн нийт хэмжээ 14.0 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 4.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарчээ.


Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 12 дугаар сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 476.5 (68.6 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 2.0 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 852.4 (74.3 хувь) тэрбум, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдал 828.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 375.9 (83.2 хувь) тэрбум төгрөгөөр өсөв.


Орон нутгийн төсвийн орлого 2020 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд, зарлага болон эргэж төлөх цэвэр зээл 3.2 их наяд төгрөг болж, орон нутгийн тэнцвэржүүлсэн тэнцэл 40.5 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа.


Орон нутгийн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оноос 20.7 (2.0 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Орон нутгийн төсвийн орлого 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 267.2 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд татварын орлого 61.8 (4.8 хувь) тэрбум төгрөг буурсан ч татварын бус орлого 329.0 (19.8 хувь ) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

 

Холбоотой мэдээ