Улсын аварга малчныг байгальд ээлтэй ажил үйлсээр нь дүгнэн шалгаруулна

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-01-18 11:57:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын ихэнх аймагт, ялангуяа говь, хээрийн бүсэд бэлчээрийн даац 2-7 дахин хэтэрчээ. Цаг агаар хэвийн жилд манай улсын бэлчээрийн даац 84.6 сая хонин толгой мал багтаах боломжтой аж. Гандуу, гантай жил даац 30 хүртэл хувиар багасдаг байна. Өнгөрсөн онд 70.9 сая толгой мал буюу хонин толгойд шилжүүлэхэд 118 сая малтай болсон. Энэ нь нийт бэлчээрийн даац 33 сая толгой малаар ихэссэн үзүүлэлт байсан талаар БОАЖЯ-наас мэдээлж байна. Тиймээс ХХААХҮЯ-наас Улсын аварга малчин шалгаруулах журмыг шинэчилж байгальд ээлтэй байдлаар өөрчилж байгаагаа мэдэгдэж байна. 

Тодруулбал, энд малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмсэн, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан, худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан зэргийг харгалзан шалгаруулахаар болж, Засгийн газраас ийм шийдвэр гараад байна. 


Улсын аварга малчдын шагналыг уламжлал ёсоор Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шиний 1-ний өдрөөс өмнө гардуулна. Энэ жилээс Улсын аварга малчин өрх 149 хүртэл байсныг 60 хүртэл, хошой аварга малчин өрх 13 хүртэл гэснийг 8 хүртэл болгон өөрчлөн шалгаруулж байхаар болов.

Гэрэл зургийг Т.Чимгээ


Холбоотой мэдээ