Дараагийн ээлжинд бүх төрлийн хувцас, гэр ахуй, тоглоомын худалдааг нээнэ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-01-18 12:52:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үйл ажиллагаагаа өнөөдрөөс нээж байгаа аж ахуй нэгжүүдэд тавих шаардлага болон дараагийн ээлжинд нээх барааны бүх төрлийн худалдаа эрхлэгчдэд өгөх зөвлөмжийн талаар НМХГ, Захирагчийн ажлын алба, Нийслэлийн мэдээлэл технологийн газраас мэдээлэв.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарын А/06 тоот захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулж, нийслэлийн хэмжээнд үйл ажиллагааг нь хязгаарласан 18 салбар чиглэлийг 14 болгож цөөрүүлсэн. Ингэснээр цанын бааз, тавилга, бүх төрлийн цахилгаан бараа, түргэн үйлчилгээний цэгийг нээж байгаа.


Дараагийн ээлжинд халдварын тархалтын нөхцөл байдал, эрсдэлийн үнэлгээг үндэслээд бүх төрлийн хувцас, гэр ахуй, бөс бараа, тоглоомын худалдааг нээх юм.


Нийслэлд 9 ангиллын 62 төрлийн худалдаа үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдгаас, одоогоор 35 төрлийнх нь ажиллаж байна.


Дөрвөн салбарын үйл ажиллагааг нээсэн тул аж ахуйн нэгж, худалдаа үйлчилгээний газрууд QR кодоо ил харагдах газар байршуулж, иргэд заавал QR код уншуулах, мөн цар тахлын үед иргэн бүр биедээ иргэний үнэмлэхээ зайлшгүй авч явах шаардлагатайг ЗАА-наас мэдээлэв.


И-баримт аппликэйшнийг 1,7 сая иргэн татаж авсан. Нийслэлийн хэмжээнд одоогоор 154 037 цэгт QR код байршуулсныг 1 680 мянган удаа уншуулжээ.


НМХГ-ын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш энэ үеэр хэлэхдээ, Улаанбаатар хотод 1000 гаруй ТҮЦ бий. Тэдгээрийг мэргэжлийн хяналтын 500 гаруй байцаагч эдгээрийг хянана. ТҮЦ-ээ нээхээс өмнө ажлын байрны цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийж, QR код уншуулсан иргэнд зөвхөн цонхоор үйлчилнэ. ТҮЦ-д түргэн муудах, хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг бүтээгдэхүүн худалдахгүй, халдвар хамгааллын дэглэм баримталж, гараа ариутган, бээлий өмсөх, хоёр цаг тутам нэг удаагийн амны хаалтаа солих, аль болох бэлэн мөнгө хэрэглэхгүй байхыг шаардаж байгаа. Хоёр сарын хугацаанд зөвлөмж, заавар өгч хамтарч ажиллалаа. Одоо шаардлага биелүүлэхгүй бол үйл ажиллагааг нь зогоох хүртэл арга хэмжээ авна” гэв. 


НМХГ өнгөрсөн амралтын өдрүүдэд 26 зах худалдааны төвд шалгалт хийж, 56 зөрчил илрүүлэн, 5 газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, нэг компанийг сая төгрөгөөр торгожээ. Эдгээр захад QR код байршуулсан ч иргэд уншуулахгүй, гар халдваргүйтгэх уусмал байршуулаагүй, ажлын байрны цэвэрлэгээ, ариутгалын шаардлага хангаагүй, хүн хоорондын зай барихгүй зөрчил илэрсэн байна.



Холбоотой мэдээ