Мөсөн дээгүүр зорчихыг хориглов

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-18 15:42:13

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын 3-р хуралдаан энэ сарын 16-нд болж мөсөн дээгүүр зорчихыг хориглов.

Мэргэжлийн байгууллагын хэмжилтээр мөсөн бүрхүүлийн зузаан олон жилийн дунджаас бага байна. Ханх суманд болсон газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуур болон томоохон гол мөрний мөсөн бүрхүүлд эвдрэл гарсан тул болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 16-наас эхлэн мөсөн замаар тээврийн хэрэгслээр зорчихыг хориглолоо. Газар хөдлөлтийн улмаас Хөвсгөл нуурын баруун эрэг дагуудаа мөс шахагдсан, Алагцарын голын амны хэсгээр мөсөнд ихээр цууралт үүссэн, цууралтын зузаан 20-40 см байна. Бусад хэсгээр хагарч хөлдсөний улмаас орзон /овоорсон мөс/ ихтэй байгаа аж.


Орзон гэдэг нь мөс нэг доор их хэмжээгээр овоорч хөлдсөнийг хэлдэг. Мөн  Эгийн голын гүүрний дээд хэсгээр газар хөдлөлтөөс үүдэн их хэмжээний ус түрж халиа үүсэн хөлдсөн байна. Гүүрлүү их хэмжээний мөс түрэгдсэн тул гүүрэн дээгүүр анхаарал болгоомжтой зорчихыг  анхаарууллаа.



 

Холбоотой мэдээ